М.Шарапова дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг С.Халепыг хожин дуулиан тарив

Б.ТҮШИГ

ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова мелдоний бодис хэрэглэсэн хэмээн хоёр шахам жил тэмцээнд оролцох эрхээ хасуулсныхаа дараа анх удаа Их дуулгын АНУ-ын нээлттэй тэмцээнд цагаан хуудсаар оролцож байна. Тэрээр эхний тойрогтоо л дэлхийд чансаагаараа хоёрт бичигддэг Румыний алдарт теннисчин Симона Халептай учраа таарсан юм.

АНУ-ын нээлттэй тэмцээний түүхэнд нээлтийн өдөр Артур Эшийн теннисийн ордон хэзээ ч дүүрч байгаагүй бол энэ тоглолтоор 23771 тасалбар бүгд зарагдсан аж. Өдгөө 30 настай Мария Шарапова мөрнийхөө гэмтлээ дөнгөж эдгээсэн ч тоглолтын эхнээс л ширүүн довтолж Симона Халептай эн тэнцүү өрсөлдөн хуран чуулсан үзэгчдэд мартагдашгүй шоу бэлэглэсэн юм. Тэрээр сэтгэлийн хаттай нугаршгүй тэмцэгч гэдгээ дахин харуулж маш хүнд тоглолтын явцыг өөрт ашигтайгаар эргүүлэн 6:4,4:6, 6:3-аар хожиж дараагийн шатанд шалгарч дуулиан тарилаа.

Симона Халепийн сүүлийн цохилтын дараа бөмбөг талбайн гадаа буухад тэрээр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй өвдгөн дээрээ сөхөрч унаад уйлсан юм. Артур Эшийн ордонд цугласан үзэгчид түүнийг бишрэн хүндэлж суудлаасаа босон удаанаар алга ташиж үдсэн билээ.

Тоглолтын дараа Мария Шарапова ярилцлага өгөхдөө, “Би өдөр бүр яах гэж эцэж цуцталаа бэлтгэл хийж буйгаа заримдаа ойлгодоггүй байлаа. Ийм л мөчийн төлөө гэдгээ алга ташин баярлахүзэгчид та бүхнийгээ хараад дахин ойлгож байна. Намайг чин сэтгэлээсээ дэмжсэн та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn

SHARE