Мария Шарапова: Нэлээд хэдэн жил тоглох чадвартайдаа итгэлтэй байна

Б.ТҮШИГ

Теннисийн од Мария Шарапова хэрхэн кортыг захирч, бизнесийн ертөнцийг довтолж явсан тухайгаа өөрийн “Зогсошгүй” (“Unstoppable”) хэмээх дурдатгалын шинэ номондоо өгүүлжээ.

Гуч гаруй насныхан дурсамж бичихүйц амьдрал туулсан нь ховор. Гэхдээ энэ жил гуч хүрсэн Мария Шарапова мэдээж тэдний нэг биш, харин ч жинхэнэ супер хүн. Энэ нь түүний теннис дахь уйгагүй зүтгэлээс гадна цөмийн сүйрэл, Сибирь дахь нүүдэл, ер бусын хүчтэй савлагаа зэргээс хамаарсан түүний гайхамшигтай гэмээр гарал үүслийн түүхээр батлагдана. Тэр бүхний тухай удахгүй гарах “Зогсошгүй” дурдатгалын номонд нь өгүүлэх аж. Мария Шарапова өнгөрсөн жил өөрт нь тохиолдсон хүндхэн асуудлыг хэрхэн эрс шийдэмгий даван туулсныг бодолцвол номын нэр нь үнэхээр оносон гэлтэй.

“2015 онд дурдатгалын ном бичих тухай гэрээ байгуулахдаа гучин нас хүрээгүй байсан тул тийм ном бичих бэлтгэлтэй байсан гэж үзэхгүй. Гэвч теннист хэрхэн яаж орж ирсэн тухай элдэв асуултад хариулахад л хүмүүс, “Ээ бурхан минь, яг л кино шиг” гэдэг байж билээ” гэж тэр дурсан бичжээ.

Мария Шарапова эцэг эх нь Чернобылийн сүйрлээс дайжин дөнгөж нүүж очсон Сибирийн Няган хотод 1987 онд төржээ. Тэрээр, “Сүйрэл болоход миний эцэг эх Беларусьт амьдарч, хэвлийдээ намайг тээсэн ээж минь тэр их цацраг идэвхжилтэй маш ойрхон байсан юм” гэжээ.

Шараповагийн эмээ өвөө нь ятгаснаар түүний ээж Елена, аав Юрий хүүхэд өсгөхөд аюул багатай хэмээн Сибирь рүү нүүсэн аж. Энэ тухай теннисчин бүсгүй, “Би хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд тийм ч таатай биш орчинтойаж үйлдвэрийн жижигхэн хотод төрсөн юм” гэж дурссан байна.

Тэндээс Шараповынхан далайн эрэг дэх амралтын Сочи хот руу нүүж, дөрвөн нас хүрсэн цайвар үстэй охин сая нэг ердийн хүүхэд настай золгож болох байв. Гэвч теннист хорхойтой түүний аав Юрий охиноо дагуулан хотын кортуудаар явсаар Мариягийн анхны дасгалжуулагч, архинд дуртай орон нутгийн хэмжээний домогт теннисчинтэй учирснаар бяцхан охин том хүний цохиур барин өдөр алгасалгүй теннисээрхичээллэж эхэлжээ. “Надад дэндүү томдсон цохиурын ишийг богиносгон хөрөөдөж билээ” гэж Шарапова дурсана. Гэхдээ чухам тэр эв хавгүй том цохиур охины булчин шөрмөсийг чангалж, ямар ч нөхцөлд дасан зохицон аливаа сөргөлдөөнийг өөрт ашигтайгаар эргүүлэх чадвар суулгаж өгчээ.

Шараповагийн спортын авьяас билиг илт байсан ч Сочид тэрээр “алтан хүүхэд” болж бөөцийлөгдсөнгүй. Тэр үеийн Орос оронд ЗХУ-аас улбаатай бүдүүлэгдүү, дориун ширүүн харилцаа арилаагүй байсныг Шараповагийн нүдний эмчид очиж үзүүлсэн нэгэн явдал илтгэнэ. “Миний зовхинд орж өвтгөх юмыг гаргаж авах хэрэгтэй байлаа. Эмч юуны түрүүнд, “Чи наад үсээ ардаа боогоод ирэхгүй яасан юм бэ” гэж уцаарлахад би эгдүүцээд юу ч хэлэлгүй шүдээ тас зуусан. Иймд надад ямар нэг өвчин намжаах тариа хийлгүй зовхинд орсон юмыг авахад би гэртээ очин очтолоо уйлаагүй юм” гэж алдарт теннисчин бүсгүй дурсан бичжээ.

Хэдий тийм ч Мария охинд урам өгөх тохиолдол ч бишгүй байсан аж. Аав охин хоёр Москвад теннисийн академид очихдоо Мартина Навратиловатай таарчээ. Алдарт теннисчин Мариягийн тоглохыг хараад сайшаан магтахад Юрий гэр бүлээрээ АНУ-ыг зорихоор зориг шулууджээ.

Төд удалгүй Юрий охиноо дагуулан Оросыг орхиж (Мариягийн ээж Елена охиноо есөн нас хүрэхэд араас нь очжээ) 15 цаг үргэлжилсэн нислэгийн дараа эгч дүү Вильямс, Оросын теннисийн гол экспорт болсон Анна Курникова зэрэг олон авьяастнуудыг бойжуулсан Ник Боллетьеригийн Теннисийн академийн үүдэнд зогсч байв.

Академид Шараповаг анхнаас нь л Курниковатай олон зүйлээр төстэйг (хоёул орос, шаргал үстэй, теннис тоглодог г.м.) анзаарчээ. Энэ зүйрлэл Курниковад төдийлөн таалагдаагүй бололтой. Шарапова эхэндээ Курниковагийн хуучин хувцсыг хүртэл өмсөхөд хүрсэн аж. “Яагаад ч юм би Курниковагийн маш олон хуучин хувцсанд дарагдсан юм. Өч төчнөөнтолботой тэдгээр хувцсыг найм есхөн настай би өмсмөөргүй байсан ч надад өөр сонголт байгаагүй” гэж Шарапова дурсан бичжээ.

Курникова түүний өрсөлдөгч ч академид Серена Вильямс жинхэнэ босс байсан аж. Шараповагийн бэлтгэлийн өдрүүд эхлэнгүүт л Вильямс түүний хувьд бараг л үлгэр домгийнх шиг өндөр хэргэм зэрэг, зиндаатай гэмээр болжээ.  Шарапова, “Академид ирээд түүнтэй нүүр тулахад л нүдний өмнүүр өнгөрсөн бүх амьдрал минь хөврөн харагдсан билээ” гэж дурссан байна.

Үүнээс бараг арав шахам жилийн дараа Вильямс, Шарапова хоёр 2004 оны Вимблдонд учраа таарч, 17 настай Мария Их дуулгын тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. “Тэр тоглолтод хүн бүхэн Серенаг хожино гэдэгт эргэлзэхгүй байлаа” гэж Шарапова бичжээ. Гэвч Шарапова Вильямсийг 4-6, 6-2, 6-4 харьцаатай хожсон юм. Үүнд Шараповагаас бусад бүх хүн мэл гайхсан нь тодорхой. “Би тэгэхэд тэнэгдүү өсвөр насны онгироо охин байжээ. Тиймдээ ч түрүүлэхийг хүссэн л юм бол бүхнээ дайчлаад түрүүлъе гээд санаа шулуудаж билээ. Тэр тоглолтод би Серенаг ялснаар бид хоёрын сөргөлдөөн эхэлсэн болов уу” гэж Шарапова сэтгэлээ дэлгэн бичжээ.

Тэрхүү тэсрэлттэй гайхам улирал Шараповаг Сочид хэзээ ч төсөөлшгүй нэр алдар, эд баялагт хүргэсэн ч насанд хүрээгүй хэрнээ тэрээр гэнэн бус, нэлээд хэрсүү болсон байжээ. “Флорида дахь академи нэг ёсны үйлдвэр гэж хэлж болохоор. Тэнд ирээдүйн хөрөнгө оруулагчид болон хэтдээ зохих ажил гүйцэтгэгч хүүхдүүд байсан юм. Иймд би хар багаасаа теннисийн бизнесийн талыг ойлгосон болов уу. Гэхдээ л би ямар амжилтад хүрэх, тэр амжилт надад юу авчрах тал дээр бэлэн байсан гэж хэлж чадахгүй” гэж Шарапова номондоо дурджээ.

Үүнээс хойш Шарапова 35 тэмцээнд, үүний дотор Их дуулгын таван тэмцээнд түрүүлж, Серена Вильямст удаа дараа ялагдсан ч 11 жилийн турш хамгийн их орлоготой эмэгтэй теннисчнээр тодорсон юм. 2016 онд “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, Шарапова мэргэжлийн теннист хөл тавьснаасаа хойш нийтдээ 285 сая ам.долларын орлого олсон байна. Гучин нас ойртох тусам Шарапова тенниснээс илүүтэй зодог тайлах талаар бодож эхэлжээ.

Шарапова хэсэг хугацаанд арга буюу теннисээс хөндийрсөн ч чихэр идээд зүгээр суусангүй. Харин ч чихэр худалдах болжээ. 2016 онд тэрээр шоколадтай чихэр үйлдвэрлэгч “Sugarpova” брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд 2018 оны эцэс гэхэд чихрийг нь дэлхийн 50 мянган цэгт худалдах төлөвтэй. Шарапова түүнчлэн дурдатгалын номоо бичихийн сацуу Харвардын бизнесийн сургуулийн хоёр долоо хоногийн дамжаанд суралцжээ.

Энэ хугацаанд Шарапова зодог тайлах бодлоосоо ч салсан аж. Тэрээр энэ талаар номондоо, “Жаахан охин байхдаа би өөрийгөө гуч гарчихаад теннис тоглосоор байна гэж ер төсөөлдөггүй байжээ. Гэвч одоо би нэлээд хэдэн жил тоглох чадвартайдаа итгэлтэй байна. Залуу байснаасаа ялгаатай нь цаашид юу болохыг мэдэхгүй байх нь надад харин ч сонирхолтой санагдах юм. Үүнээс эмээх зүйл надад алга. Бүх юм ОК болно” гэж бичжээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn

  

SHARE