Вера Брежнева: Миний сэргээш бол миний амьдрал, ажил, хүрээлэл, ер нь надад таашаал авчирдаг бүхэн юм

 

Үргэлжлэл…

Түрүүчийг http://news1.mn/?p=9442 эндээс уншина уу.

-Соня таныг найз хөвгүүдтэйгээ танилцуулж эхэлсэн үү?

-Би нэлээд нээлттэй ээж шүү. Охиныг минь бишэрдэг хөвгүүдтэй өөрөө танилцахыг хүсэн тэднийг гайхшруулдаг даа. Охиныхоо жинхэнэ найз залууг ямар хүн болохыг мэдэх гэж эрмэлзсэндээ л тэр.

Би охиныхоо найз нарыг гэртээ урин дуртайяа танилцаж хамтдаа цай уудаг. Аз болж миний охин сонголт сайтай юм билээ. Миний танилцсан хүүхдүүд бүгд л надад таалагдсан.

-Соня алдартай дуучны охин гэдгээ нуудаггүй юу?

-Үүнийг нуух хэцүү шүү дээ. Тэгээд ч зарчмын хувьд нуусны хэрэггүй. Энэ тухай бид дэлгээд байхыг хүсдэггүй ч, эрт орой хэзээ нэгэн цагтбүгд л мэдэхээс хойно. Охинд маань энэ тухай урьд өмнө мэдээгүй найз нөхөд мэдээж байсан л даа. Тэд нарт энэ мэдээ мэдээж сюрприз болсон биз.

Соня нэг удаа өөр сургууль руу шилжсэн юм. Түүний ангийнхан хичээлийн бүхэл бүтэн улирал өнгөрсний дараа, шинэ жилийн босгон дээр л ээж нь хэн болохыг санамсаргүй мэдсэн нь бий.

-Та хүүхдүүдээсээ юунд суралцдаг вэ?

-Дэггүйтэж, хөөрч баярлахад, бас шалтгаантай шалтгаангүйгээр хөхрөхөд суралцдаг даа.

Сарагаас би хариу нэхээгүй их хайранд суралцсан. Томчуудад тэгж хайрлах чадвар харамсалтай нь бараг үлддэггүй гэлтэй. Хүүхдүүдэд л тийм хайр асар ихээр агуулагддаг юм байна. Тэд хүнийг зүгээр л байгаад нь, байгаагаар нь хайрладаг ажээ.

Сонягаас би бүхнийг урьдчилан бодож, тооцоолоход суралцдга. Тэр маань бүх залуу насаа төлөвлөчихсөн бөгөөд энэ утгаараа амьдралд маш хэрсүү ханддаг гэх үү дээ. Түүний оронд, түүнд байгаа боломжтой байсансан бол би яах байсныг хэн мэдлээ. Хүүхдүүд толгойгоо алдахгүй, ухаалаг байх нь маш чухал. Иймд Сонягийн толгой мөрөн дээрээ, байх ёстой газраа байгаа нь надад таалагддаг. Гэхдээ үүнд хатуу шаардлагатай ээж нь дэм болдог л доо (Инээмсэглэв).

-Та чинээлэг биш гэр бүлд өссөн. Цагийн явцад мөнгөнд хандах байдал тань хэрхэн өөрчлөгдөж байсан бол?

-Хар багаасаа зоос бүрийн үнэ цэнийг мэдэх тул өнөөг хүртэл мөнгөнд ариг гамтай ханддаг. Би өөрөө нэлээд эрт ажиллаж эхэлсэн болохоор аливаа хөдөлмөрийг мөнгөөр үнэлэх ёстой гэж үздэг. Би угаасаа нэлээд хямгатай хүн. Тэгээд ч нягтлан бодогчоор суралцаж байлаа. Энэ нь миний ажилд их хэрэг болдог шүү.

Би онгирч гайхуулан их хэмжээний мөнгийг хий хоосон үрнэ гэж үгүй. Бүх зарлага зориулалттай байх ёстой. Дээр нь наймаалцах дуртай даа. Үргэлж л ямар нэг хөнгөлөлт, хямдрал байгаа эсэхийг лавладаг юм. Би өөрийгөө хямдрал зарласан газраар байнга явдаг гэж хэлж чадахгүй ч тийм арга хэмжээнд дуртай. Хэдий тийм ч би харамч нарийн хүн биш ээ.

-Нэг удаа та, “Хүмүүс намайг хориотой бодис хэрэглэдэг гэж боддог” гэж хэлсэн. Та хар тамхийг юу гэж үздэг вэ?

-Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хүн ямар нэг бодисын нөлөөнд байгаа эсэхийг тодорхойлж чаддаггүй юм. Өөрөө хэрэглэж үзээгүй болохоор ялгааг нь мэдэрдэггүй. Мэдээж хэрэг би хүнд, хөнгөн аливаа хар тамхины эсрэг байдаг. Миний сэргээш бол миний амьдрал, ажил, хүрээлэл, ер нь надад таашаал авчирдаг бүхэн юм даа. Тэдгээрээс л би кайф авч, хэдэн хоногоор нойр хулжиж, шөнөжин найз бүсгүйчүүдтэйгээ чалчиж, эсвэл зочид бодлын өрөөндөө хүрэмтэйгээ бүжиглэдэг.

-Та түүнчлэн “Миний дотор галт уул оршдог тул түүнийг сэрээсний хэрэггүй” гэсэн нь бий. Та юунд илүүтэй бухимддаг вэ?

-Шударга бус явдалд. Зөвхөн үгээр бус үйлдлээр шударга бус байхад шүү. Шударга бус үйлдэлд бүр ч илүү дургүйлхдэг.

Муухай үгэнд хариу өгөхгүй өнгөрч болох ч шударга бус үйлдлийн зүгээр өнгөрөөх хэцүү байдаг юм.

Дээр нь хүний тэнэглэлд бухимдана аа. Тэр бүхнийг гаднаа наргиа болгон өнгөрөөвч дотор минь ёстой л гал дүрэлздэг. Цаг барьдаггүй, хариуцлагагүй, хэнэггүй хүмүүст дургүй. Ерөнхийдөө намайг уурлуулах амархан биш шүү. Нэлээд хичээх хэрэгтэй дээ.

-Та ээжтэй маш төстэй. Харин ааваасаа өвлөсөн зан чанар ажиглагддаг уу. Ер нь ямар зан чанараараа бахархдаг вэ?

-Төрөлхийн, нас ахих тусам улам боловсронгуй болсон шударга байдлыг эрхэмлэх зан чанар маань эцгээс уламжлагдсан. Дээр нь би түүний өөртөө чухал аливаа зүйлд чин үнэнчээр хичээнгүйлэн ханддаг зарчимч байдлыг дууриасан гэмээр. Тиймээс ч би нэг юм сэдсэн л бол түүнийгээ биелүүлэхийн тулд урагш давшилдаг. Дээр нь аавынхаа техникийн, математикийн ухааныг өвлөсөн юм.

Аав минь намайг гэрийн цахилгаан хэрэгсэл засах, гагнуур хий, залгуур, чийдэнгийн патрон солих зэргийг зааж өгсөн дөө… Аавын ээж, Вера эмээ намайг хөдөлмөрт сургасан. Түүний нэрийг надад хайрласан юм шүү дээ. Хар багаасаа л би эмээгээ даган нэгдэл явж, гэрээ цэвэрлэж сурсан юм.

Эмээ маань орой болгон унтахаасаа өмнө гэрийн шалыг угааж, гутал тосолдог байлаа. Түүнийг дуурайгаад би ч бас цэвэрч нямбай гэж жигтэйхэн шүү. Харин ээж минь олон юманд сургаснаас юуны түрүүнд хүнийг хайрлахад сургасан. Хүнийг хайрлана гэдэг хамгийн чухал чадвар гэж боддог юм.

-Хүүхэд хүмүүжүүлэхэд аавын оролцоо хэр чухал вэ?

-Эцэг хүн гэр бүлийнхээ амьдралд оролцохгүй байхыг зүй бус явдал гэж боддог. Заримдаа эмэгтэйчүүд үүнтэй эвлэрэхээс өөр аргагүйд хүрэх нь бий. Эцэг хүн мөнгө олохоос илүүтэй хүүхдийнхээ сэтгэл санааны эрүүл мэндийг бодон амьдралд нь оролцож, хүүхдэд хайртай аав, ээж бий гэдгийг мэдрүүлэх шаардлагатай. Эцэг эх нь тусдаа амьдардаг байсан ч ялгаагүй. Хүүхдэд хамгийн хэрэгцээтэй зүйл гэвэл энэ байх шүү. Хүүхэд тоглоомгүй өслөө гээд түүний ирээдүй муу болно гэж үгүй. Харин хайр халамжаар дутмаг, сэтгэл зүйн эрүүл бус орчинд өсвөл хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлөлж болзошгүй.

-Та өөртөө үргэлж шударга ханддаг уу?

-Тийм ээ, тэр үнэн.

-Жижиг сажиг зүйл дээр ч өөрийгөө хуурдаггүй юу. Жишээ нь нэг жижигхээн амтат бялуу идмээр санагдвал?

-Хэрэв би жижигхэн бялуу идэхийг хүсвэл өөртөө шууд л зөвшөөрчихдөг. Ийм зүйл дээр өөрийгөө хуурсны хэрэггүй шүү дээ. Гэхдээ би тэр бялуу хүртэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэйгээ сайн ухамсарладаг. Иймд ийм зүйл дээр өөрийгөө хуурахгүй байх л хэрэтэй. Энэ чинь сэтгэлийн хаттай л холбоотой асуудал.

-Заримдаа та орь ганцаараа байхыг хүсдэг үү. Ер нь тэгж чаддаг уу?

-Харамсалтай нь тийм боломж маш цөөхөн тохиодог. Сүүлийн хоёр гурван жилд өөрийн бодол бодролтойгоо ганцаараа байх хувийн орон зай хомс л явна.

Заримдаа ч зүгээр л дуугүй сууж, одоогийн хэлдгээр цэнэгээ солихыг хүсэх юм. Тэгэх нь надад хэрэгтэй тул боломж, цаг гаргахыг хичээх болсон. Хүн болгонд л тэгэх хэрэгцээ байдаг шүү дээ.

Зарим хүн бүр эсрэгээр, үргэлж ганцаардлын байдалд байдаг. Тэгээд олны дунд өөрийгөө авч явах гэж нэлээд зүдэрдэг юм шиг санагддаг. Тийм хүмүүс тэрхүү амьдралынхаа хэв маягт дэндүү дасч, тэр орон зайдаа өөр хэн нэгнийг нэлээд хүчлэн байж арай гэж оруулдаг гэлтэй.

Харин миний орон зайд дэндүү олон хүн байдаг тул заримдаа тэр бүхнээс хол байхыг хүсдэг дээ.

-Та өөрийнхөө тухай цуурхлыг яаж хүлээж авдаг вэ. Миний ойлгосноор та юуг ч няцаалгүй, сэтгүүлчидтэй мэтгэлцэхээс зайлсхийдэг бололтой?

-Би өөрийнхөө тухай хичнээн ярьсан ч цуурхлын тоо буурахгүй шүү дээ. Ямар нэг юм зохиогоод л түгээнэ. Үнэндээ би тэр цуурхал энэ тэрийг ер тоодоггүй. Харин миний хувийн амьдрал олон нийтийн хүртээл болохыг хүсдэг үү гэвэл би хүсдэггүй гэж хариулна. Би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зарим төлөөлөгчидтэй нөхөрсөг харилцаатай бөгөөд тэд нартайгаа хувийн юм ярилаа ч тэд цааш дэлгэдэггүй. Тэр бүгдийг сая сая хүн мэдэх албагүй шүү дээ. Зарим хүн амьдралынхаа талаар дэлгэж ярих дуртай л байдаг байх. Энэ бол хүн хүний л сонголт, сонирхол. Миний хувьд хувийн амьдрал минь хувийн байхад л тайван, бас тухтай байдаг даа.

Эх сурвалж: www.news1.mn Б.Хишигбат

SHARE