Дэлхийн хамгийн их орлоготой жүжигчид

 

Дэлхийн бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл сүүлийн нэг жилд орлогоороо тэргүүлсэн жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Энэ удаа ТОП-10-ын жагсаалтад 21 сая ам.доллар цуглуулсан Матт Деймон, Крис Пратт (17 сая ам.доллар), тэр ч бүү хэл энэ жилийн эхэнд “Оскар” гардсан “Ла Ла Лэнд” мюзиклийн од Райан Гослинг (29 сая ам.доллар) ч багтаагүй аж. Харин Энэтхэгийн Болливудын гурван ч од тэдний өмнө бичигджээ.   

1.Марк Волберг (68 сая ам.доллар)

Рэп дуучин асан Марк Волберг дэлхий даяар 5.3 тэрбум ам.доллар цуглуулсан “Аавын гэр” (“Daddy’s Home-2”), “Трасформерууд. Сүүлчийн баатар” (“Transformers: The Last Knight”) кинонуудад тоглосноор орлогоороо анх удаа дэлхийн жүжигчдийг тэргүүлжээ. Тэрээр мөн “A+E” телевизийн сувагт гэр бүлийнх нь зоогийн газрын өдөр тутмын амьдралын тухай “Волбергийн гэр бүл” реалити-шоуд оролцсоноор түрийвчиндээ чамлахааргүй мөнгө нэмсэн аж.

 

  1. Двейн Жонсон (65 сая ам.доллар)

Мэргэжлийн бөх байсан “Хад” хочит Двейн Жонсон “Эргийн аврагчид” (“Baywatch”)  болон “Жуманжи” кинонуудад тоглосноос гадна “HBO” кабелийн телевизийн “Хөлбөмбөгчид” олон ангит кинонд дүр бүтээн жилийн дотор 65 сая ам.доллартай болж чаджээ.

 

  1. Вин Дизел (54,5 ам.доллар)

Вин Дизел сүүлийн нэг жилийн дотор “Галзуу хурд-8” (“The Fast and the Furious-8”) “ХХХ: Зандер Кейж эргэж ирсэн нь” (“xXx: Return of Xander Cage”) кинонуудад тоглосноос гадна “Орчлонгийн харуулууд-2” (“Guardians of the Galaxy-2”) киноны нэгэн дүр болох Грутын дууг оруулж амжсан аж.

 

  1. Адам Сандлер (50,5 сая ам.доллар)

Адам Сандлерийн тоглосон “Хөгтэй зургаа” (“The Ridiculous 6”) “Netfix” сувгаар хамгийн олон хүн үзэж сонирхсон кино болсноор гэрээний дагуу жүжигчин эрийн авах шагнал ч эрс нэмэгджээ.

 

  1. Жеки Чан (49 сая ам.доллар)

Инээдмийн тулаантай киноны мастер Жеки Чан Хятадын аварга том киноны зах зээлд гарснаар ашиг орлого нь ч нэмэгдэх болжээ. Сүүлийн нэг жилд түүний тоглосон “Төмөр замын барууд” (“Railroad Tigers”), “Кунг-фу йога” кинонууд дэлгэцнээ гарсан байна.

 

  1. Роберт Дауни (48 сая ам.доллар)

Өнгөрсөн жил тус жагсаалтыг тэргүүлж байсан “Төмөр хүн” Роберт Даун супер баатруудын тухай кинонуудад тоглосоор, долларыг сая саяар олсоор л байна. Тун удахгүй түүний гол дүр бүтээсэн ээлжит “Өшөө авагчид. Төгсгөлгүй дайн” (”Avengers: Infinity War) адал явдалт кино гарах аж.

 

  1. Том Круз (43 сая ам.доллар)

55 настай Том Круз адал явдалт “Муми” (“The Mummy”), “Биелэшгүй даалгавар-6” (“Mission Impossible-6”) кинонуудад тоглосноор жагсаалтын долоод бичигджээ. Тэрээр “Биелэшгүй даалгавар-6” киноны зураг авалтын үеэр орлон тоглогчоос татгалзан байшингийн дээвэр рүү үсрэх аюултай хэсэгт өөрөө оролцож хөлөө хугалсан билээ.

 

  1. Шах Рукх Хан (38 сая ам.доллар)

Болливудын од Шах Рукх Хан Энэтхэгийн кинотеатруудыг үзэгчдээр дүүргэсэн “Баян эр” кинонд тоглон “Forbes”-ийн ТОП-10 жагсаалтад ийнхүү анх удаа орж иржээ. Тэрээр мөн Энэтхэгээс өөр оронд төдийлөн мэддэггүй өргөн хэрэглээний барааны реклам сурталчилгаанд оролцохоос цэрвэлгүй орлогынхоо нэлээд хэсгийг бүрдүүлдэг байна.

 

  1. Салман Хан (37 сая ам.доллар)

Салман Хан Болливудын 90 шахам кинонд тоглосон нэгэн. Түүний хамгийн сүүлд гол дүр бүтээсэн “Султан” кино Энэтхэгт орлогоороо хоёрт оржээ.

 

  1. Акшай Кумар (35,5 сая ам.доллар)

Болливудын хаан гэгддэг Акшай Кумар 30 шахам жил гол дүр төдийгүй туслах дүр бүтээн хөрөнгөө арвижуулсаар өнөөг хүрчээ. Сүүлийн нэг жилийн дотор тэрээр дөрвөн кинонд тоглосноос гадна нүүрний тосноос эхсүүлээд хуруу зай гээд үй олон барааны реклам сурталчилгаанд оролцон хур хөрөнгө дээрээ 35.5 ам.доллар нэмсэн аж.

Эх сурвалж: aguulga.mn Б.Сансар

SHARE