Мадридын “Реал” Испанийн супер цомыг арав дахь удаагаа гардлаа

 

Каталоны “Барселона”-г нутагт нь 3:1 буулган авсан эзэн хааны баг гэгддэг Мадридын “Реал” хариу тоглолтод өөрийн “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнгийнхээ ногоон талбайд гол тоглогч Криштиану Роналдугүй гарч ирсэн юм. Португалийн супер од өмнөх тоглолтод хоёр шар хуудас аван талбайгаас хөөгдсөн төдийгүй шүүгчийг түлхэн зохисгүй үйлдэл хийснийхээ төлөө Испанийн хөлбөмбөгийн холбооноос таван тоглолт өнжих шийтгэл хүлээсэн билээ.

Хэдий тийм ч “Реал” тоглолтын хувь заяаг бүр эхэнд, дөрөв дэх минутад шийдчихсэн гэж хэлж болно. Марко Асенсио 30 шахам метрийн алсын цохилтоор эхний гоолыг оруулсан юм. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Бензема тоог ахиулан 2:0 болгожээ.

Завсарлагын дараа тоглолт ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн ч дахин гоол ороогүй. “Реал” мөнхийн өрсөлдөгчөө хоёр тоглолтын хоёуланд илүүрхэж зүй ёсоор Испанийн супер цомыг арав дахь удаагаа гардлаа.

Зинедин Зиданы удирдсан “Реал” шинэ улирлын эхэнд хоёр дахь том ялалтаа байгуулсан нь энэ. Өмнө нь эзэн хааны баг Английн “Манчестер Юнайтед”-ыг хожин УЕФА-гийн супер цомын эзэн болсон билээ.

“Реал”-“Барселона”-2.0.

Гоолууд: Асенсио, 4 (1:0). Бензема, 39 (2:0).

“Реал”: Навас, Карвахал, Серхио Рамос, Варан, Марселу, Ковачич (Каземиру, 62), Кроос (Себальос, 80), Модрич, Васкес, Бензема, Асенсио (Эрнандез, 75).

“Барселона”: Тер Штеген, Пике (Семеду, 50), Юмтити, Маскерано, Серхи Роберто, Ракитич, Бускетс, Андре Гомиш (Деулофеу, 72), Жорди Алба (Дин, 78), Л.Суарес, Месси.

Сануулгууд: Л.Суарес, 89. Маскерано, 90+3.

Шүүгч: Санчес Мартинес (Испания).

Мадрид. “Сантьяго Бернабеу” стадион.

Эх сурвалж: news1.mn Б.Хишигбат

SHARE