АНУ-ын Клондайкт “Алтны солиорол” эхэлсэн нь

Алт хайгч Жорж Вашингтон Кармак одоогоос 121 жилийн тэртээ 1896 оны наймдугаар сарын 17-нд эхнэр, хоёр индиан туслахынхаа хамт Аляскаас холгүй, Канадын Юкон мужид орших Клондайк мөрний нэгэн салаа болох Раббит хэмээх жижигхэн голын эрэгт алтан элс илрүүлж, тэр хавьд олборлолт хийх эрхийг нэн даруй авчээ.

Тэр үед АНУ-ын эдийн засаг 1893, 1896 оны биржийн хямралаас үүдэн ихэд доройтож, ажилгүйдэл дээд цэгтээ хүрээд байсан аж. Иймд Клондайкт бараг ил хэвтэх асар их алт илэрсэн тухай мэдээ Сан-Франциско хотод хүрэнгүүт олон мянган хүн бүхнээ хаян эрсдэлтэй аялалд гаран азаа үзэхээр шийджээ. Эхний аялагчид мөн оны долдугаар сарын 15-нд Сан-Францискогоос хөдөлж, долдугаар сарын 17-нд Сиэттл хотынхон Клондайкийг зорьсон байна. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс, тэр ч бүү хэл хаа холын Их Британи, Франц, Австрали зэрэг орны иргэд “Алтны солиорол”-д автан хурдан баяжих мөрөөдөлдөө хөтлөгдөн Клондайк руу цувж эхэлжээ.

“Алтны солиорол”-ын ид үе буюу 1898 он гэхэд Клондайк мөрний бүсэд 50 мянга шахам хүн бөөгнөрөн өлсгөлөн гарах аюул бодитоор нүүрлэсэн гэдэг. Тайга дахь Доусон хотод хүрч чадсан хүмүүсийн талаас илүү хувь нь тайгын гүн рүү нэвтэрч азаа үзэн алт олборлохоос татгалзан аргагүйн эрхэнд буцахад хүрчээ. Харин зорьсноосоо буцаагүй хүмүүсийн нэлээд нь өлсгөлөн, өвчинд нэрвэгдэн тайгын хүйтэн өвөл осгож амиа алдсан юм.

“Алтны солиорол” Клондайкийн бүс нутагт руу зөвхөн алт олборлогчид бус наймаачид, банкны ажилтнууд, фермерүүд, гуанзны эзэд гээд бизнесийн олон салбарын хүмүүсийг авчирсан бөгөөд Аляск, хойд Канадын хөгжлийг эрс хурдасгажээ. Тус бүс нутагт асар богино хугацаанд шуудангийн үйлчилгээ, төмөр замын сүлжээ бий болж, хөрөнгө оруулалтыг ихээр татсан байна.

Алт олборлогчдын дунд хожим нэрд гарсан зохиолч Жек Лондон байсан бөгөөд “Алтны солиорол”-ын үеийн амьдралыг бүтээлүүддээ дэлгэрэнгүй дүрсэлсэн билээ.

“Алтны солиорол”-ын үеэр Клондайкийн сав нутгаас 400 тонн шахам алт олборлосон бөгөөд энэ нь одоогийн ханшаар 18 тэрбум ам.доллар хүрэх бөгөөд АНУ, Канадын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэдэг билээ. Мөн олон мянган хүн маш их тэвчээр хатуужил гарган байж зорьсондоо хүрэн саятан болж чаджээ.

 

1807 он

АНУ-ын эрдэмтэн Р.Фултоны зохион бүтээсэн “North River Steamboat” нэртэй уураар ажилладаг анхны хөлөг онгоц аялалд гарчээ. Ингэснээр далбаат хөлөг онгоцны эрин үе дуусчээ.

 

1903 он

АНУ-ын алдарт хэвлэн нийтлэгч, редактор Ж.Пулитцер Колумбийн их сургуульд Сэтгүүл зүйн сургууль үүсгэн байгуулж, сэтгүүл зүйн салбарын шагналыг бий болгох зорилгоор бүх өв хөрөнгөө гэрээслэжээ. Сэтгүүл зүйн сургууль 1912 онд нээгдэж, 1917 оноос жил бүр Пулитцерийн шагналыг олгож эхэлсэн байна.

 

1943 он

АНУ-ын “Оскар”-ын шагналт, “Загалмайлсан эцэг” киноны гол дүрээрээ алдаршсан жүжигчин Роберт Де Ниро төржээ.

 

1974 он

Кубын нийслэл Гаванад сонирхогчдын боксын анхны ДАШТ нээгдэв.

 

1977 он

Францын алдарт хөлбөмбөгчин, 1998 оны дэлхийн, 2000 оны Европын аварга Тьерри Анри төржээ.

 

1999 он

Туркт Рихтерийн шаталбараар 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, 40 шахам мянган хүний аминд хүрэв.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE