Дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчид: Рачел рассел

 

Б.Түшиг

Дэлхийн бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл сүүлийн нэг жилийн дотор дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчдын жагсаалтыг гаргасан билээ. Тус жагсаалтын долоод бичигдсэн Рачел Расселыг танилцуулж байна.

  1. Рачел Рассел

2016 оны орлого: 8.5 сая ам.доллар

Нас: 58

Иргэншил: АНУ

Уран бүтээл: “Тэнэгийн өдрийн тэмдэглэл” (“The Dork Diaries”).

Рачел Рене Расселл шилжилтийн үеийн охидод зориулж үдэшлэгт уригддаггүй, ангийн хөвгүүдийнхээ анхааралд өртдөггүй зэрэг олон асуудалтай тулгардаг сурагч охины тухай “Тэнэгийн өдрийн тэмдэглэл” цуврал зурагт номынхоо эхнийхийг 2009 онд гаргажээ. Тэрээр япон комикс номынхтой төстэй зургуудыг өөрөө зурдаг байсан бөгөөд одоо том охин Никки халааг нь авч зурдаг болжээ. Зохиолч эмэгтэйн хоёр дахь охин Эрин ч хурдан алдаршсан цуврал ном дээр нь хамтран ажиллаж байгаа аж.

“Тэнэгийн өдрийн тэмдэглэл” цуврал ном Вероника Ротын “Зөрөлдөгч” (“Divergent”), Жеймс Дашнерийн “Ээдрээтэй лабиринтаар гүйгч” (“The Maze Runner”), Рик Риорданы “Перси Жексон” зэрэг романуудын өсвөр үеийнхэнд зориулсан дэлхийн шилдэг 10 номын жагсаалтад орсон төдийгүй 2016 онд Гиннессийн дээд амжилтын хүснэгтэд багтжээ.

Рачел Рене Расселийн “Тэнэгийн өдрийн тэмдэглэл” цуврал ном 37 хэлэнд орчуулагдан 35 оронд бестселлер болж, нийт 36 гаруй сая хувь хэвлэгдэн борлогджээ.

Номынх нь баатар, бүтэлгүй охин Никкигийн түүх өсвөр үеийн олон охидын амьдралтай төстэй тул сая сая уншигчдын зүрх сэтгэлийг эзэмдэж чаджээ. Никки сүүлийн үеийн гар утас, моодонд орсон хувцасгүй хэдий ч хошин шогийн мэдрэмжтэй, ертөнцийг үзэх өөрийн өвөрмөц үзэлтэй бөгөөд үргэлж шинэ содон санаа дэвшүүлдэг нэгэн аж. Тиймээс ч олон удаа бүтэлгүйтэх ч үнэнч найз нөхөдтэй болж, бүх ялагдлаа бяцхан ялалт болгон хувиргаж чаддаг байна.

Дампуурлын хэргээр дагнасан өмгөөлөгч асан Рачел Рене Рассел өөрөө ч дунд сургуульд үе тэнгийнхэндээ бишгүй шоглуулж явсан гэнэ. Тэрээр “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө, “Ахлах ангид байхад надтай нэг ч хөвгүүн болзоогүй юм. Иймээс ч аав маань төгсөлтийн үдэшлэгт надад хос олж өгөн найзынхаа хүүд 50 доллар төлж, “Кадиллак” машинаа түр хэрэглүүлэхэд хүрч байлаа” гэж ярьжээ. Тэрээр их сургуульд оюутан болоод уран зохиолын дамжаанд бүртгүүлэхэд дамжааны профессор багш, хүүхдийн зурагт номны зохиолч түүнд амьдралдаа зохиол бичихээс өөр ажил хийхийг зөвлөж байсан гэнэ.

Хэдий тийм ч Рачел Рене Рассел зорьсноосоо ухралгүй цуврал номоо гарган амжилтад хүрч, саятан болж чаджээ. Одоо тэрээр охидынхоо хамт шилжилтийн насны бүтэлгүй хөвгүүний тухай цуврал ном гаргахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: udriintoim.mn

SHARE