МОСКВАГИЙН КИНО НААДМЫН ТЭРГҮҮН ШАГНАЛЫГ ХЯТАДЫН НАЙРУУЛАГЧ ЛЯН ЦЯО ГАРДЖЭЭ

 

Б.Түшиг

Москвагийн 39 дэх олон улсын кино наадам өндөрлөж, шагнал гардуулах хаалтын ажиллагаанд Гран-при буюу “Алтан Георгий” шагналыг БНХАУ-ын найруулагч Лян Цяогийн “Залаат билүү шувуу” баримтат кинонд олгожээ. Тус кинонд ховор шувууны тухай сурвалжлага бэлдэхээр төрөлх хотдоо эргэн ирж буй Бээжингийн сэтгүүлч Винс Каны түүхийг өгүүлдэг бөгөөд орчин үеийн Хятад дахь экологи, байгаль орчны асуудлыг хөндсөн аж.

Москвагийн энэ удаагийн кино наадамд манай улсаас “Out Of Competition” буюу уралдаанаас гадуур хөтөлбөрийн “Русский след” (“Оросын ул мөр”) хэсэгт Монголын “Дижитал Контент” дистрибьютор компаниас сойсон “Явуулын хүн” уран сайхны кино шалгарч оролцсон нь манай кино урлагийн орчин үеийн түүхэн дэх нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо.

Дашрамд сонирхуулахад, 1959 онд болсон Москвагийн анхдугаар олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний номинацид “Ардын элч” киноны Ариунаагийн дүрээр П.Цэвэлсүрэн түрүүлэн мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Москвагийн 39 дэх олон улсын кино наадмын “Мөнгөн Георгий” шагналыг номинац тус бүрд доорхи уран бүтээлчид гарджээ.

Шүүгчдийн тусгай шагнал– “Ёроолгүй шуудай”, найруулагч Р.Хамдамов (ОХУ)

Шилдэг найруулагч– Фикрет Рейхан, “Шар халуун” (Турк)

Шилдэг эрэгтэй жүжигчин– Сон Хёнчу, “Ердийн хүн” (БНСУ)

Шилдэг эмэгтэй жүжигчин– Верена Алтенбергер, “Шилдэг ертөнц” (Герман/Австри)

Шилдэг баримтат кино– “Дуурь”, найруулагч Жан-Стефан Брон (Франц/Швейцар)

Шилдэг богино хэмжээний кино– “Түргэн тусламж”, найруулагч Себастиан Торнгрен Вартин (Норвеги)

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE