Дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчид: Пола Хокинс

 

Б.Түшиг

Дэлхийн бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл сүүлийн нэг жилийн дотор дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчдын жагсаалтыг гаргасан билээ. Тус жагсаалтын тавд бичигдсэн Пола Хокинсийг танилцуулж байна.

  1. Пола Хокинс

2016 оны орлого: 10 сая ам.доллар

Нас: 45

Иргэншил: Их Британи

Уран бүтээл: “Галт тэргэн дэх бүсгүй”(The Girl on the Train), “Ус руу” («Into the Water»).

Пола Хокинс хоёр жилийн өмнө “Галт тэргэн дэх бүсгүй” романаараа дэлхий даяар гэнэт алдаршихаасаа өмнө Оксфордын их сургуулийн нэгэн коллежид гүн ухаан, улс төр, эдийн засаг судалж, “The Times” сонинд бизнесийн чиглэлээр бичдэг сэтгүүлчээр ажилласан төдийгүй эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн зөвлөгөөний ном бичиж хэвлүүлсэн аж (одоо тэрээр “тэр номыг худалдаж авахыг би хэнд ч уриалахгүй” гэж үнэнээсээ хэлэх болжээ).

Дараа нь тэрээр Эми Сильвер нууц нэрээр хэд хэдэн романтик ном гаргасан ч борлуулалт нь тааруу байжээ. Хэвлэлийн газрын нэг удирдагч түүнд Зул сарын баярын тухай романтик ном бичихийг санал болгосныг тэрээр уран бүтээлчийнх нь хувьд хамгийн доод цэг байсан гэж дурсан ярьсан нь бий.

Үүний дараа Пола Хокинс өөрийгөө эмгэнэлт зохиолыг илүү сайн бичдэг гэж үзэн гэмт хэргийн гэрч болдог архины донтолттой тэмцэж буй нэгэн эмэгтэйн тухай ирээдүйн бестселлер романаа бичиж эхэлжээ. Санхүүгийн хүнд байдалд орсон тэрээр номоо бичиж дуусгахын тулд эцгээсээ мөнгө зээлэхэд хүрсэн аж.

Номын дөнгөж эхний хэсэг бэлэн болоход Пола Хокинсийн агент текстийг нь хэвлэлийн газруудад түгээж эхэлжээ. Хэвлэлийн газрууд тэр даруй триллер зохиолын төлөө хоорондоо жинхэнэ худалдааны дайн дэгдээсэн гэдэг. Эцэст нь “Галт тэргэн дэх бүсгүй” романыг хэвлэх эрхийг “Riverhead” хэвлэлийн газар авчээ. “Riverhead”-ийн ерөнхий эрхлэгч Сара Макгрет хожим “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө, “Уг нь манай хэвлэлийн газар триллер зохиол хэвлэдэггүй. Гэвч Пола Хокинс романаа маш чадварлаг бичсэн тул бид зарчмаасаа анх удаа ухарахад хүрсэн юм” гэжээ.

Америкийн детектив уран зохиол дэлхий даяар, үүний дотор Их Британид идэвхтэй борлогддог бол Их Британид гарсан тийм зохиол АНУ-д сайн зарагдах нь тун цөөн. Гэвч “Галт тэргэн дэх бүсгүй” Атлантын далайн хоёр талд эхний гурван сарын дотор хоёр сая гаруй хувиар зарагдсан аж. “The Times” сонины мэдээллээр тус ном нийтдээ 20 сая хувиар борлогджээ. Өнгөрсөн жил тус зохиолоор сэдэвлэн Холливудын “Dream Works” студи гол дүрд нь Эмили Блант тоглосон кино гарган дэлхий даяар 173 сая ам.долларын орлого олсон билээ.

Харин энэ жилийн эхэнд гарсан Пола Хокинсийн “Ус руу” роман утга зохиол шүүмжлэгчдийн дунд эрс тэс сэтгэгдэл төрүүлжээ. “The Guardian” сонинд зохиолч эмэгтэй Вэл Макдермид ярихдаа, “Энэ ном маш их хувиар борлогдох нь тодорхой. Гэвч уншигчид тус номоос тэгтлээ их таашаал авахгүй л болов уу” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

 

 

SHARE