Дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчид: Нора Робертс

 

Б.Түшиг

Дэлхийн бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл сүүлийн нэг жилийн дотор дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчдын жагсаалтыг гаргасан билээ. Тус жагсаалтын хоёрт бичигдсэн Нора Робертсийг танилцуулж байна.

  1. Нора Робертс

2016 оны орлого: 15 сая ам.доллар

Нас: 66

Иргэншил:АНУ

Уран бүтээл:“Ирланд зүрхүүд”(”Irish Hearts”), “МакГрегорынхан”(”The MacGregors”), “Шөнийн үлгэрүүд”(“Night Tales”), “Станиславскийнхан буюу эдгээр зэрлэг украинууд”(“The Stanislaskis or Those Wild Ukrainians”) болон Ева Далласын тухай (Жей Ди Робб нууц нэрээр)цуврал романууд.

Хурдан гартай Нора Робертсийг “роман үйлдвэрлэгч машин”гэх нь бий. “The Guardian” сонины нарийн тооцоолсноор тэрээр нэг романыг дунджаар 45 хоногт бичиж дуусгаад шууд дараагийнхийг эхлүүлдэг бөгөөд минут тутамд түүний 34 ном борлогддог байна.Өдгөө Нора Робертсийн 220 гаруй ном уншигчдын хүртээл болжээ. Алдартай зохиолч эмэгтэй, “Онгод орохыг хүлээж байна гээд гараа хумин зүгээр суухыг би тэвчдэггүй” гэж хэлсэн нь түүнийг ямар хөдөлмөрч болохыг илтгэнэ. Энэ зан чанарынхаа ачаар л тэрээр зохиолчийнхоо хөдөлмөрөөр 370 сая ам.долларын хөрөнгөтэй  болж чадсан биз ээ.

Нора Робертс АНУ-ын Мэриленд мужийн Силвер Спринг хотын цахилгаанчны гэр бүлд таван хүүхдийн отгон нь болж төржээ. Дунд сургуулиа төгсөнгүүтээ нөхөрт гарч төдөлгүй хоёр хүү төрүүлжээ.

Тэрээр анхны романаа 1979 онд хүчтэй цасан шуурганы улмаас хүүхдүүдийнхээ хамт долоо хоног гэрээсээ гарах боломжгүй болсон үедээ бичсэн гэдэг. Нора Робертс зохиолоо хэвлэлийн газруудад илгээсэн ч бүгд хэвлэхээс татгалзжээ. Гэвч нэгэнт зохиол бичих сонирхолтойгоо, тэгэх чадвартайгаа мэдэрсэн тул санаагаар ер унасангүй. Жилийн дараа “Ирландын зүрхүүд” гурамсан романы эхний ботийг нь ”Silhouette” хэвлэлийн газар хэвлэжээ. Дараагийн хоёр жил гаруйхны хугацаанд тэрээр дахин 23 ном гаргаж амжсан нь гайхалтай.

“Time”сэтгүүл 2007 онд түүнийг дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаасан билээ. 2011 тэрээр Стиг Ларссон, Жеймс Паттерсон нарын дараа “Kindle” суурьтай саяас их электрон ном борлуулж чадсан гурав дахь зохиолч болсон юм.

Хэдий хур баян болсон ч зохиолч эмэгтэй 19 насандаа нүүж орсон Мэрилендийн Силвер Спрингс дахь байшиндаа өнөөг хүртэл амьдардаг аж. Тэрээр хоёр дахь нөхрийнхөө хамт ойролцоох Бунсборо хотод номын дэлгүүр, талхны үйлдвэр, зочид буудал нээн ажиллуулжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE