Хятадад дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц барьжээ

 

Б.Хишигбат

Хятадын Анхой мужийн Хуайнанд усанд живсэн хуучны нүүрсний уурхайд 40 мегаваттын хүчин чадалтай дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц ашиглалтад оруулжээ. Хөрсний нуралт болон их хэмжээний борооны улмаас уурхайн гадаргууд 4-10 метрийн гүн ус тогтсон аж. Хуайнанийн наран цахилгаан станцыг “Sungrow Power Supply Co” компанийн үйлдвэрлэсэн фото-электрон инверторуудаар тоногложээ. Мөн ийм усан дээр хөвөгч нарны цахилгаан станцуудыг Япон, Сингапурт барьж эхэлсэн бөгөөд ирэх жил ашиглалтад оруулах юм байна.

“Grand View Research” судалгааны компанийн үзэж буйгаар, ойрын найман жилийн дотор усан дээр хөвөгч нарны цахилгаан станцууд дэлхий даяар түгээмэл болж, нэн ялангуя Япон, Их Британи, Бразил, Хятадад хурдацтай хөгжих ажээ.

Дэлхийн агаар мандалд түгээж буй нүүрс хүчлийн бараг 50 хувь Хятадын дулааны цахилгаан станцуудад ногддог тул тус улс сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй хөгжүүлэх болжээ. Тус улсын удирдлага 18 нүүрсний цахилгаан станцыг хаасан бөгөөд зөвхөн энэ жилийн дотор нэмж 85 нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөжээ. Ер нь Хятад улс нарны цахилгаан станцуудынхаа нийт хүчин чадал, цэвэр эрчим хүчний хөжилд зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх болсон аж.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE