Ж.Батсуурь: Улсын шалгалтын текст задарсан нь анхны тохиолдол биш

 

 

-Сүлжээ үүсгэж, олон аймаг суманд, тэр битгий хэл хүүхдүүд ангиараа хүртэл текст худалдаж авсан байсан-

 

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах тухай хэлэлцсэн юм. Тус хурал дээр эрэхм гишүүд болон сайд Ж.Батсуурь юу ярьж, ямар байр суурьтай байсныг хүргэе.

 

Шадар сайд У.Хүрэлсүх:

-Засгийн газрын гишүүн,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг  нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт дараах зохисгүй үйлдлүүд гарсан нь тухайн салбарт нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, нийслэлийн 29 дүгээр сургуулийн сурагчид сурч боловсрох эрх нь зөрчигдөх, уг сургуулийн багш нар сурагчдын эрхийг зөрчиж байгаа талаар эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсан, нийслэлийн 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид сургуулийн захирал, удирдлагууд, сурагчдыг доромжилж, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багш нар мэргэжлийн ур чадвар муу гэх үндэслэлээр хичээл хаялт зарласан,  2017 оны  5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын сэдэв, даалгавар шалгалт эхлэхээс өмнө задарсан.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Батсуурь нь  дээр дурдсан сургуулиудад үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй. Одоог хүртэл асуудлыг шийдвэрлэж, үүссэн нөхцөл байдлыг арилгаагүйн зэрэгцээ төгсөлтийн шалгалттай холбоотой оновчгүй шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу  12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтыг дахин явуулж, олон мянган сурагчид, эцэг, эхчүүдийн чирэгдэл учруулж, бухимдлыг төрүүлсэн.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Батсуурь эрхэлсэн салбарын хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, дүрэм, журмыг боловсруулж, цаг алдалгүй батлах, зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй зэрэг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.

Түүнчлэн 2017 оны  1 дүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны газар, хэлтсийн дарга нараас Төрийн нарийн бичгийн даргатай хамтран ажиллах боломжгүй талаарх өргөдлийг Ерөнхий сайдад ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарган, тус яаманд үүссэн асуудлыг шалгаж үзэхэд яамны удирдлагууд хоорондоо таарч, ажлыг зохион байгуулж чадаагүй, яамны аппарат хуваагдаж, хоорондоо зөрчилдсөнөөс болж бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах ажил цалгардсан байдалтай зохион байгуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тодорхой зөвлөмж, дүгнэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Батсуурьт дүгнэлтэд дурдсан алдаа дутагдлыг арилгаж, яамны үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн боловч тэдгээрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаагүй, мөн яаманд үүссэн нөхцөл байдлыг арилгах, яамны хэвийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлж чадаагүй байна.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Батсуурь нь хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд салбарын бодлого болон яамны өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн удирдаж чадаагүй бөгөөд Засгийн газрын итгэлийг хүлээж ажиллаж чадаагүй болохоо харууллаа.

Иймд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд миний бие  Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Батсуурийг огцруулах саналыг хууль журмын дагуу гаргаж байгааг хүлээж авч, шийдвэрлэнэ үү.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хүрэлсүх сайдаас нэг асуулт байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал ярихад, 2 асуудал ярих ёстой л доо. Нэг дэх нь ёс зүйн ямар ноцтой алдаа гаргасан бэ гэсэн асуудал, хоёрдугаарт, яг ямар хуулийг зөрчсөн учраас огцруулах санал тавьж байгаа юм бэ гэж. Энэ талаар танилцуулгад тодорхой юм байхгүй байна. Тийм учраас Батсуурь сайдыг ёс зүйн ямар алдаа гаргасан гэж үзэж байгаа юм бэ? Ямар хуулийг зөрчсөн гэж огцруулах санал тавьж байгаа юм бэ? Би энэ огцруулах санал дээр үндэслэлээ тавьж байхад нь бухимдал төрүүлсэн л гэж байна, яамны өдөр тутмын үйл ажиллагааг хангаж, нэгтгэж чадаагүй л гэж байна. Бухимдал төрүүлсэн асуудал ярих юм бол одоогийн  бидний гаргаж байгаа шийдвэр болгон л бухимдал төрүүлж байгаа л даа. Тэгэхээр яамны Төрийн нарийн бичгийн даргынхаа өмнөөс энэ сайд чинь золионд явчих гэж байгаа юм биш биз дээ гэсэн ийм бодол байх юм. Яамны өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн удирдаж чадаагүй гэж дүгнэлтэд бичээд байх юм. Яамны хуулиараа яамны өдөр тутмын үйл ажиллагааг сайд биш Төрийн нарийн бичгийн дарга хүлээх үүрэгтэй шүү дээ, хэрэгжүүлэх үүрэгтэй. Манай Номтой сайд өөдөөс хараад сууж, үүнийг  их сайн мэдэж байгаа.

Тэгэхээр яамны Төрийн нарийн бичгийн дарга үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас тэр Төрийн нарийн бичгийн даргын хүлээх үүргийг Батсуурь сайдад тохож ийм үндэслэлээр огцруулах гэж байгаа юм биш биз дээ гэсэн, энэ үндэслэлээ тодорхой болгож өгөөч гэсэн нэг дэх асуудал.

Хоёр дахь асуудал нь, журмын нөхөдтэйгээ бид Батсуурь сайдыгаа Засгийн газрын гишүүнээр томилоод арай жил хүрээгүй байна. Тэгэхдээ тодорхой хэмжээгээр хийсэн ажил ч байгаа, хийгээгүй алдсан ч юмнууд ч байгаа л байх. Засгийн газрын гишүүнийхээ хувьд өөрөө яг одоо энэ үндэслэлүүдийг юу гэж үзэж байгаа юм бэ? Хүлээн зөвшөөрсөн юм уу? Засгийн газар дээрээ юу гэж ярьсан юм бэ гэсэн өөрийнх нь бодлыг сонсъё гэсэн ийм бодолтой байна.

 

Шадар сайд  У.Хүрэлсүх:

-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-д заасан Монгол Улсын Ерөнхий сайдын эрх, үүрэг байдаг. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн кабинетын сайдыг огцруулах тухай асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд мэдүүлэх ийм эрхтэй. Энэ хуулийн хүрээнд Ерөнхий сайд үүнийг өргөн мэдүүлж байгаа. Миний бие Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийх эрх өнөөдөртөө алга аа.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

-Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж, нийгэмд болон Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчид,  түүний эцэг, эх болон энэ дунд үүссэн бухимдал, энэ дээр гарсан алдаа дутагдалтай холбоотойгоор асуудал хөндөж, энэ дээр хоёр удаа  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд, сайдад нь анхааруулга өгч, ажлын хэсэг Засгийн газраас байгуулж, өнгөрсөн 2 сард болон сая энэ асуудал үүсэхтэй холбоотой ингэж шалгаж, үүний дүнг Засгийн газрын гишүүдэд хэлж, энэ үндсэн дээр бүрэн эрхийнхээ дагуу  Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасан, Засгийн газрын гишүүдийг томилуулахаар, огцруулахаар саналаа оруулах бүрэн эрхтэй гэсэн салбарынхаа яамыг удирдаж чадаагүй гэдэг үндэслэлээр, алдаа гаргасан гэдэг үндэслэлээр огцруулах асуудлыг оруулж ирж тавьж байгаа юм.

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Энэ үндэслэлд дурьдагдсан асуудлууд 29 дүгээр сургууль, 116 дугаар сургуулиуд бол тусгай сургуулиуд. Сая энэ асуудлуудыг болсноос хойш  бид бол яамныхаа эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, сайдын тушаал гаргасан. Үүний өмнө бол Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн боловсролын газрын эрхлэх асуудлын хүрээнд байсан ийм сургуулиуд. Ер нь бол энэ  29 дүгээр сургуульд боловсролын  эрх нь зөрчигдсөн, уг сургуулийн багш нар  сурагчдын эрхийг зөрчиж байгаа талаар гэж. Тэгэхээр сургуулийн багш нар, удирдлагууд бүгд хууль, хяналтын байгууллагад хандсан. Тэнд бол багш нар нь хүүхдүүдээ зоддог, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бас олон асуудлууд ярьсан, дарамталдаг, бэлгийн дарамт ч гэж яригдсан. Энэ асуудлаар сургуулийн удирдлагууд, сургуулийн багш нар хууль хяналтын байгууллагад хандаж, тэгээд үүний дараагаар хууль, хяналтын байгууллага шалгаад, ямар нэгэн эрх зөрчигдөөгүй байна аа. Энд холбогдогч аль эсхүл эрх нь зөрчигдсөн хохирогч байхгүй байна гэдэг шийдвэрийг албан ёсоор гаргаж ирүүлсэн байгаа.

Тийм учраас би  энэ  116 дугаар сургууль, 29 дүгээр сургуультай холбоотой асуудлыг ер нь бол яах вэ бид яаман дээр, бас нийслэлийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага гэж орхигдолгүйгээр яаман дээрээс мэргэжлийн ажлын хэсэг гаргаж, дүгнэлт гаргаж, хичээл сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийн дагуу явж байна гэдэг ийм шийдвэрийг гаргасан байгаа.

Энэ улсын шалгалтын хувьд бол урьд өмнө нь он, удаан жил 80 хэдэн онд ч гэсэн олон удаа  текст задарсан, тийм учраас шударгаар хүүхдүүдийн мэдлэгийг үнэлэх боломжгүй болсон үүднээс дахин шалгалтууд авч байсан тийм тохиолдлууд зөндөө байсан. Өнөөдөр анх удаа гарсан юм биш. Бид бол өнгөрсөн он, жилүүдэд байнга гарч байсан, тэгэхээр шударгаар хүүхдүүдийн оноо дүнг тавих боломжгүй болсон учраас дахин шалгалт авах шийдвэрийг Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар хамтарч байгаад шийдсэн. Яагаад гэвэл текст задарсан этгээдийг яг шалгалт эхэлж байхад бид нар Боловсролын үнэлгээний төвийнхөн бол шударгаар шийдье, текст задлаад байдгаа больё гэсэн. Үүний дагуу тэд нар шалгаж, тогтоож, хяналт тавьж, тэр битгий хэл групп үүсгээд текст аваад байдаг хүүхдүүдийн дунд хүртэл хүмүүс оруулж ажиллуулж, энэ бүх булхай луйвруудыг илрүүлсэн. Сүлжээ үүсгэж байгаад, олон аймаг, сумдуудад, тэр битгий хэл ангиар нь хүүхдүүд хүртэл текст худалдаж авсан байсан. Тийм учраас бид дахиж авах нь зүйтэй. Яагаад гэвэл улс орны хэмжээгээр олон аймаг, сумуудад тарсан. Тэгээд энэ дүн бол тэгш гарахгүй гэж үзсэн юм. Тэгээд энэ шийдвэрийг бид гаргасан. Энэ бол ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй, ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж би хувьдаа үзэж байгаа.

Ер нь бол Монголын төрд шударга ёсны төлөө, улс эх орон, ард түмнийхээ төлөө элдэв  . . . /хугацаа дуусав/.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

-Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Одоо үг хэлэх гишүүд байна уу? Алга байна.

Одоо санал хураалт явна.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж.Батсуурийг огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя.

11 гишүүн санал хураалтад оролцож, 9 гишүүн дэмжиж, 81.8 хувийн саналаар энэ санал дэмжигдлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулахаар болов.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE