Вера Брежнева: Эмэгтэй хүн гэдэг чинь хайр энхрийлэл, зөөлөн сэтгэлийн илэрхийлэл

 

Түрүүч нь http://news1.mn/?p=6609

-Яаж яваад “Виа гра”-д орсон бэ. Шалгаруулалт кастингт тэнцээд л шууд од болчихсон хэрэг үү?

-Яалаа гэж. Олон хүн оролцсон кастингт тэнцсэн. Дараа нь дахиад нэг кастингт тэнцчихсэн. Сайн дуулдаг, царайлаг, биеийн галбир сайтай, өөртөө итгэлтэй янз бүрийн охидын дунд өөрийн ээлжээ  хүлээн сууж байхдаа “Бурхан минь, би энд юу хийж байна вэ” гэж боддог байж билээ. Гэвч тэд биш би шалгарсан юм даа.

-Шалгарангуутаа биеэ тоож эхлээгүй биз?

-Хамтлагт туршилтын хугацаанд авч байхад алдаа гаргахаас л айна шүү дээ. Сарын дотор таван бүжиг, түүнээс ч их дуу сурч, дээр нь турах ёстой байв. Би тэгэхэд 58 кг байсан бөгөөд зүй нь 55  кг-аас доош жинтэй болох хэрэгтэй байсан юм. Ер нь бүтэн жилийн турш хөөгдөхөөс айсан даа. Тийм учраас хийх юм их тул биеэ тоох зав гардаггүй байлаа.

-Саяхан “Виа гра” алтан бүрэлдэхүүнээрээ Константин Мелазегийн үдэшлэгт оролцож тоглосон. Та хэд маш дотно найзууд юм шиг санагдсан?

-Найз гэхээсээ илүү бид хамтран ажиллагсад, хуучны сайн танилууд юм даа. Бид уулзаж учран хуучнаа дурсаад өөр өөрийн ажлаа хийгээд явдаг тийм л хүмүүс. Би “Виа гра”-гийн охидын хэнтэй ч  дотно харилцаагүй. Гэхдээ уулзахаараа мэдээж сайхан чалчина л даа. Миний дотно найз нарын дийлэнх нь шоу бизнестэй холбоогүй хүмүүс. Тэгээд ч би найз цөөтэй хүн. Жинхэнэ найз олон байдаггүй юм.

-Зүс нуруу тэгш сайхан хүмүүсийг “хоосон толгойтой” гэх нь түгээмэл тул тэд карьер хийхдээ олон саадтай тулгардаг гэсэн. Таныг ч бас “хоосон толгойтой” гэдэг байв уу?

-Одоо ч гэсэн миний тухай тэгж бодох нь бий. Гэхдээ хүмүүс таны тухай юу гэж бодох нь бус та өөрөө хэн болох, юуг яаж хийдэг нь чухал биз дээ? Гаднах төрх тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тус ч, ус ч болж мэднэ. Хамгийн гол нь юу ч тохиолдсон бууж өгөлгүй урагшлах л хэрэгтэй гэж боддог. Хамтлагт ороод би бүжиг, дуу, ярианы тавилт дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд тэдгээрийг одоо ч хийсээр байгаа. Дээр нь гадаад хэл сурч, өөрийгөө хөгжүүлэх дасгал хийдэг. Хүсэл байхад юу ч хийж болно. Жишээ нь, миний нэг найз бүсгүй унааны мөнгөгүй тул англи хэлний дамжаанд нэг талдаа хоёр цаг алхаж байсан юм. Үр дүнд нь англи хэл сураад зогсогүй тураад жигтэйхэн гоолиг болсон юм даг.

-Та тайзны од, эхнэр, бас ээжийн үүргээ гүйцэлдүүлж чадаж байна уу?

-Мэдээж бүгдийг нь гүйцэлдүүлэхийг хичээн үүнд нэлээд хүч зарцуулсаар ирсэн. Хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлэх цагаасаа хааяа хумслахаас өөр аргагүйд хүрдэг л дээ. Иймээс хүүхдүүдээсээ энэ талаар гомдлын үг сонсдог л юм.

-Таны бүх дуу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны тухай өгүүлдэг. Яагаад тэр вэ?

-Дуу хөгжим чинь ерөөсөө л өөрөө тэр чигтээ хайр дурлал гэж би боддог. Иймд миний дуунууд хүмүүс хоорондын харилцаа, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн тухай өгүүлдэг. Надтай ямар ч холбоогүй, надад ямар ч хамаагүй сэдэвтэй дууг зүрх сэтгэлээрээ мэдэрдэггүй тул дуулж чаддаггүй. Эхэндээ миний дуунуудын үгнүүд их хөгжилтэй, цоглог байсан бол сүүлдээ нэлээд гүн утгатай болсон.

Би хийж байгаа зүйлдээ аль болох үнэнч, шударга байхыг эрмэлзэж, олны танил хүн байх хариуцлагаа бүрэн ухамсарладаг. Нэг удаа намайг төмсний чипсийн сурталчилгаанд тоглохыг хүсэхэд би татгалзсан юм. Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн байсан л даа. Гэвч би чипсийг бусдад санал болгож хэрэглэхийг уриалах сайн хүнс мөн гэж үзээгүй юм.

-“Itunes”-ээр таны “Хариу үгүй байсан ч хайраас бүү зугт” гэх дууг сонссон. Тэгвэл таны хайранд хариу бариагүй эр ер нь байсан уу?

-Миний хүүхэд насны анхны хайр тийм байсан. Би эцэг эхийнхээ найзын хүүд дурласан юм. Гэтэл тэр дисконд орон анх хамт бүжиглэснийхээ дараа л ойртохыг хүсч билээ. Түүнд өөр юм хэрэггүй байсан нь шууд ойлгогдсон юм. Анхны хайр минь ингэж л төгссөн дөө. Би хэдий нялхаараа байсан ч түүнийг үргэлжлүүлэн хайрлахыг өөртөө хориглож билээ. Уг нь тэр үйл явдлаас өмнө хоёр жилийн турш түүнийг бишрэн түүний л тухай боддог байсан юм.

-Эрчүүдтэй харилцах тань хэр өөрчлөгдсөн бол?

-Өмнө нь нэлээд шаардамтгай, гомдомтгой байсан бол одоо илүү зөөлөн, тэвчээртэй болсон гэх үү дээ.

-Та нүцгэн зураг авахуулахад зориг шаардлагагүй гэж хэлсэн нь бий. Зориг тэгвэл юунд шаардагддаг юм бэ?

-Ямар ч бэрхшээл тулгарсан өөрөөрөө байж, хийх ёстой зүйлээ хийхэд л зориг хэрэгтэй. Орчин үеийн ихээр хөдөлмөрлөдөг эмэгтэйчүүдэд эр хүний зан чанар илэрдэг болжээ. Надад ч тийм цаг үе байсан. Би өөрийгөө илүү чанд хатуу, хүйтэн цэвдэг, нарийн тооцоотой болж буйгаа мэдрээд их айсан даа. Тэгээд ихийг бодож тунгаагаад олон зүйлийг эргэн харж өмнөх шигээ ялдам зөөлөн болж чадсан. Учир нь эмэгтэй хүн гэдэг чинь хайр энхрийлэл, зөөлөн сэтгэлийн илэрхийлэл шүү дээ. Дахин хэлэхэд, олон нийт юу гэж бодсоноос үл хамааран өөрөөрөө байж, өөрийн үзэл бодолдпоо үнэнч явахад жинхэнэ зориг шаардагддаг.

-Та чинээлэг гэр бүлд өсөөгүй. Мөнгөтэй болоод гангарч баярхахыг хүсч байв уу?

-Харин ч эсрэгээр, олсон мөнгөө аль болох тооцоотой зарцуулахыг хичээж байлаа. Амьдрал намайг тооцоотой байхыг сургасан даа. Юун баярхах. Үүнээс гадна би орлогынхоо дийлэнх хэсгийг буяны үйлсэд зориулдаг тул ямар нэг тэнэг зүйлд мөнгө зарцуулах боломжгүй.

-Одод имижээ дээшлүүлэх пиар хийх гэж буяны үйл хийдэг гэх нь бий?

-Тэгж боддог бүх хүнийг надтай хамт пиар хийхийг урьж байна.

-Нууц биш бол НҮБ-ын ДОХ-ын асуудлаархи сайн санааны элчийн хувьд ямар цалин авдаг вэ?

-Жилийн нэг доллар. Тэгэхээр би үүнийг дан ганц пиар хийх гэсэндээ бус, мөнгөний төлөө хийдэг байх нь ээ. /Инээв/ Сүүлийн хоёр жилд буяны үйлс гэр бүл, ажлын хажуугаар миний цагийн гуравны нэгийг авах болсон. Үр дүн ч гарч байгаад баярладаг. ДОХ-ын сэдвийг улам бүр нээлттэй хэлэлцдэг боллоо. Хүмүүс өөрийн эрүүл мэнддээ илүү хариуцлагатай хандах болсон байна. Мөн илүү нинжин сэтгэлтэй, хүлээцтэй болж байгаа нь мэдрэгддэг шүү.

-Чамд хийхэд таашаалтай бусдын мэдэхгүй нууц зүйл гэж бий юу?

-Цэвэрлэгээ хийх зуураа бясалгах дуртай. Зочид буудалд байхдаа ч цэвэрлэгээ хийж бүх юмыг цэгцэлчихдэг юм. Эргэн тойронд эмх цэгцтэй байхад би өөрөө ч дотроо цэгцэрчихсэн юм шиг санагддаг. Гэхдээ би эмх замбараагүй, бохир байдлаас айдаг хэт цэвэрч нямбай хүн биш ээ. Яарсан үедээ эд зүйлээ энд тэнд шидлээд хаях нь ч бий.

-Та дэлгүүрт ч юм уу хаа нэгтээ өөрт тань онцгой хандахыг шаарддаг уу?

-Би хүмүүсээс ногдсон ажлаа зохих ёсны дагуу хийхээс илүүг шаарддаггүй. Харин ч нойтон хамуу шиг салахгүй тойрч эргэлдээд хэт үйлчлэх гээд байх яршигтай санагддаг. Гэхдээ мэдээж чин сэтгэлээсээ халуун дулаанаар үйлчлэхэд хэн ч гэсэн дуртай шүү дээ. Ер нь би энгийн үедээ олны анхаарлыг аль болох татахгүй байхыг эрмэлздэг. Харин тайзан дээр бол мэдээж өөр шүү дээ.

-Гэхдээ хүмүүс танаас хамт зургаа авахуулахыг хүсдэг л байх?

-Тэгэлгүй яахав. Хэрэв би зураг авахуулахад бэлэн бол татгалздаггүй. Харин бэлэн биш бол зураг авахгүй байхыг хүсдэг. Гэсэн ч тэд ихэвчлэн авчихдаг л юм. /Инээв/

Эх сурвалж: www.news1.mn

SHARE