Вера Брежнева: Над руу дайрч давшилсан охид хөвгүүд бүхэнтэй зодолддог байлаа

 Б.ХИШИГБАТ

Ихэнх хүнд Вера төгс төгөлдөр зураг шиг л харагддаг. Тэр дуулж, кинонд тоглож, буян үйлдэж, дээр нь “Maxim” сэтгүүл түүнийг дөрвөн удаа Оросын хамгийн дур булаам бүсгүйгээр шалгарсан  билээ. Товчдоо бол тэр яриангүй томоохон од. Түүнд аз таарсан уу, эсвэл энэ өнгөлөг бүсгүй сэтгэлийн тэнхээтэй тулдаа амжилт бүхэндээ хүрэв үү? Үүнийг сонирхон “Women’s Health Russia” сэтгүүлийн сурвалжлагч түүнтэй дэлгэрэнгүй ярилцжээ.

-Гял цал өнгөт сэтгүүлийн хуудсуудыг  эргүүлэхэд ямар ч өө сэвгүй, инээмсэглэсэн Вера Брежнева харагаддаг. Хэвлэлийнхний бүтээдэг энэ дүрээс та өөр үү?

-Өө сэвгүй… Тийм хүн байдаг гэж үү? Би орон гэртэй бас ажилтай байдаг л нэг хэвийн амьд хүн. Гадна дүр төрх минь ч янз бүр л байдаг. Сэтгүүл дахь зургийн тухай ярихад хэвлэлийнхэн уншигчиддаа хэвлэл сонирхолтой материал хийдэг гэдгийг ойлгох нь чухал. Зураг авах үед би хааяа камер руу тайван харахад инээмсэглэхийг хүсдэг юм. Сэтгэл санаа онцггүй байлаа ч тус сэтгүүлд инээмсэглэл л  хэрэгтэй. Тэгээд л би инээмсэглэдэг. Хүмүүс намайг тиймээр л харна. Үр дүнд нь тодорхой дүр төрх бүрэлдэж байгаа юм.  Гэхдээ би бусдын адил янз бүр л байдаг хүн. Би төгс төгөлдөр биш ч  өөртөө өндөр шаардлага тавьдаг шүү. Төгс төгөлдөр рүү тэмүүлэх ийм перфекционизм намайг зогсохоос, тайвшрахаас сэргийлдэг гэх үү дээ.

Заримдаа би маш эмзэг болчихдог. Тэглээ ч би аливаа дутагдлуудаа арилгах тал дээр тогтмол ажиллаад сурчихсан юм. Арилгаж болох дутагдлуудаа арилгаж чадсан шүү. Харин арилгаж  чадаагүйгээ зөнд нь орхичихсон. Тэр дутагдлууд маань надад харин ч бүр таалагддаг болсон гээч. Ер нь надад “Амьдрал” хэмээх хөгжин дэвших байнгын үйл явц сонирхолтой санагддаг.

-Таныг Оросын хамгийн дур булаам бүсгүй гэж дөрвөн ч удаа нэрлэсэн. Та дур булаам харагдуулахаас өөр зүйл ер нь хийдэг үү?

-Дур булаам байхын тулд яах ёстойг би үнэндээ мэдэхгүй. Би өглөө сэрэхдээ, “Би хамгийн дур булаам секси бүсгүй” гэж боддоггүй. Би өөрөөрөө л байх дуртай. Яагаад гээч? Аливаа нэг дүрд орж  баг зүүнэ гэдэг нэмэлт ачаалал өгдөг бөгөөд үүнээс зайлсхийж болно гэж боддог юм. Намайг энэ тал дээр залхуу гэж бодож болно. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, миний дотор би өөрөө ч мэдэхгүй нэг  зүйл байдаг байж магадгүй. Юу гэвэл зураг авалтын үеэр надаас заримдаа “Секси байдлаа багасгаач” гэж гуйдаг. Ямар нэг үйлдэл хийлгүй өөрөөрөө л байж байхад шүү дээ.

-Та багаасаа ийм хэрсүү байсан уу?

-Би аавыгаа дууриасан юм уу, багаасаа л шударга ёсны төлөө тэмцэгч байсан гэх үү дээ. Би чинь олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд өссөн хүн. Өрх толгойлсон эмэгтэйн хүүхэд байснаас өөрцгүй  гоочлуулна гэсэн үг.  “Олон хүүхэдтэй гэр бүл” гэдэг нэг ангийн хүүхдүүдийн хувьд “Асуудалтай зүдрүү гэр бүл” гэсэнтэй утга нэг санагддаг тул нэр төрөө хамгаалж тэмцэхээс өөр замгүй. Над руу  дайрч давшилсан охид хөвгүүд бүхэнтэй зодолддог байлаа. Гэхдээ өөрөө түрүүлж хэзээ ч өддөггүй байсан юм. Ер нь би ямар нэг хэмжээгээр “нугасны муухай дэгдээхэй” байсан шүү. Манай ангийн  охидын заримынх нь хөх бүр ес, арван настайд нь ургаж эхэлсэн бол минийx сураггүй. Ямар сайндаа xөвгүүд намайг “банз шиг хавтгай” гэж дооглож байхав. Дээр нь хараа муутай би нүдний шил зүүдэг байлаа. Иймд шинэ нүдний шил авах мөнгөгүй тул зодооноос өмнө шилээ тайлж амжих нь чухал байсан юм. Өөрийгөө бусад хүүхдээс дорой муу гэж боддог ч үүнийгээ эцэг эхээсээ мэдээж нууна аа.

-Өөрөөсөө ичдэг байсан учраас тэр үү. Одоо харин өнгөрсөн амьдралдаа өөрчлөхийг хүсдэг зүйл тань юу вэ?

-Эцэг эхэд маань надтай надгүй өчнөөн асуудал бий гэж боддог байсан учраас л тэр. Тэгээд ч би ээждээ хайртай тул таагүй юм ярьж түүнийг сэтгэлийг өвтгөхийг хүсдэггүй байсан юм. Би  өнгөрсөн амьдралдаа юу ч өөрчлөхийг хүсэхгүй, бүх юм болдгоороо болсон шүү дээ. Тэр бүгдийн ачаар би одоо байгаа ийм хүн болж чадсан. Харин хүүхдүүдийн минь бага нас минийх шиг биш  байгаад баярладаг юм.

-Таны бага охин Сара энэ жил сургуульд орсон?

-Түүний бүх зүйл сайн байгаасай, түүнийг хүүхдүүд бүү гомдоогоосой гэж санаа зовсоор бууралтахаа шахсан даа. Миний туулж өнгөрүүлсэн зүйл охинд минь давтагдахыг би хүсээгүй. Аз болж  охины минь багш маш сайн бөгөөд хүүхдүүдээ зөв залуурддаг хүн. Ангийн хүүхдүүд нь ч дэндүү сайн шүү.

-Вера, та хорин настайдаа “Виа гра” хамтлагт орсон. Тэр хүртэл та юу хийж байсан нь сонин?

-Янз бүрийн л ажил хийж явлаа. Намайг арваннэгэн настай байхад аав минь машинд дайруулан хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон юм. Гэтэл тэр дөрвөн хүүхэдтэй шүү дээ. Тэгээд ч тэр үед, 1993  онд ЗХУ задарч байлаа. Тэгэхэд манайх аавын ажилладаг үйлдвэрээс өгсөн өөр дүүрэг дахь  цахилгаан шат нь ажилладаггүй шинэ байрны арвандөрөвдүгээр давхарт нүүж орсон юм. Би  хичээлээ тараад 15.00-аас 20.00 цагийн хооронд, зуны амралтаараа бүтэн өдөр хүүхэд асарна. Дараа нь кафед угаагчаар, тэгээд зах дээр, дэлгүүрт худалдагчаар ажилласан даа.

-Ажил дээрээ ангийнхантайгаа таарахаас айж ичдэг байв уу?

-Ангийнхан маань кафе бааранд орно гэж юу байхав. Харин зах дээр хүнсний ногоо зарж байхад өөр хэрэг. Лангууны ард зогсоод ангийнхан маань тааралдвал яана аа гэж санаа зовдог л  байлаа. Мэдээж тааралдахад бага зэрэг эвгүй, ичмээр болдог л байв. Тэглээ гээд яахав дээ, инээгээд л өнгөрдөг байсан.

-Өөрийн гэсэн халаасны мөнгөтэй болох гэж ажилладаг байсан уу?

-Үгүй, гэр бүлдээ нэмэр болж байсан минь тэр.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: www.news1.mn

SHARE