Сонгуульд оролцох Нам, эвслүүдийг Үндэсний аудитын газраас III.25-нд мэдэж болно

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох Нам, эвслийн Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж буй. Тус Ажлын хэсэг Мөрийн хөтөлбөрүүдийг III.22-ны баасан, III.23-ны бямба, III.24-ний ням гаригуудад хүлээж авна гэдгээ өнгөрсөн сарын төгсгөлөөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намд албан ёсоор мэдэгдсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Үндэсний аудитын газар Нам, эвслүүдийн Мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд IV.26-ны өдөр хүргүүлэх үүрэгтэй.

Нам, эвслүүд Мөрийн хөтөлбөрт нь гаргасан аудитын дүгнэлт Сонгуулийн ерөнхий хороо руу явлаа гэж мэдсэний дараа УИХ-ын сонгуульд оролцох эрх нээгдэж “ногоон гэрэл” аслаа гэж ойлгодог. Өмнөх сонгуулиудын уламжлалыг харахад энэхүү “ногоон гэрэл” ассан үед л Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор холбогдох бичиг баримтын хамт хүргүүлдэг. Өнөө жилийн тухайд Нам, эвслүүд IV.26, 27, 28-ны гурван өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “…сонгуульд оролцох тухай зөвхөн Нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэн гаргах төлөвтэй байна.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцож санал өгөх эрх бүхий хоёр сая гаруй сонгогчийн мэдэх эрхийн хүрээнд ярихад, энэ удаад ямар нам дангаараа, ямар намууд эвсэл байгуулан УИХ-д оролцох вэ гэдгийг хамгийн эртдээ мэдэх боломж нь Мөрийн хөтөлбөрүүдийг III.25 гэхэд тасалбар болгон хүлээн авсан Үндэсний аудитын газрын эх сурвалж болж таарна.

Сонгогчийн өнцгөөс харахад, МАН шиг дангаараа сонгуульд орохгүй намууд ойрын хэд хоногт багтаан Их хурлаа хийж, эвслээ байгуулан нэрээ зарлаж Мөрийн хөтөлбөрөө боловсруулах цаг нь нэгэнт болжээ. Одоогоор улс төрийн 37 намаас хоёр нь Монголын ногоон нам (МНН), Монголын ардчилсан нам (МоАН) нэг эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцохоор болсон. МНН-ын XIV Их хурал, МоАН-ын VI Их хурал нэгдүгээр сарын 19-нд тус тус болж “Үндэсний эвсэл”-ийг байгуулж тэргүүнээр нь эрх баригч МАН-ын экс гишүүн, 20216-2020 оны УИХ дахь МАН-ын Бүлгийн экс гишүүн, УИХ-ын гишүүн болон сайд байсан Нямтайширын Номтойбаярыг сонгосон.

Эрх баригч МАН-ын тухайд Үндэсний аудитын газарт III.25 гэхэд хүргэх Мөрийн хөтөлбөрөө Бага хурлаараа хэлэлцэн батлах ёстой. Тус намын Үндсэн дүрмийн 20.3.2-т Бага хурал “УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх” заасан. Нийт 369 гишүүнтэй Бага хурлын хуралдаан энэ долоо хоногийн төгсгөлөөр амралтын өдрүүдэд болох тов гарчээ. Үндэсний аудитын газраас Нам, эвслүүдийн Мөрийн хөтөлбөр хүлээн авах баасан, бямба, ням гарагтай давхцаж уралдан МАН-ын сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэж батлагдах нь ээ. Үндэсний аудитын газраас Мөрийн хөтөлбөрүүдийг хүлээн авах хугацааны тасалбар болох сүүлчийн цэг нь III.24-ний ням гаргийн  23 цаг 59 минут 59 секунд буюу III.25-ны даваа гаргийн 00.00 цаг эхлэх хүртэл гэж ойлгож болно.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE