Пүрэвдоржийн хууль гэж нэг “юм” бий. Нефтийн дагалдах бүтээгдэхүүн болох керосин, нафтад онцгой албан татвар ногдуулах хууль л даа. Үүнийг Их хурал 2021 онд баталсан юм. Уг хуулийг баталснаас хойшх 2 жилд энэхүү нефтийн дайвар бүтээгдэхүүнээс онцгой татварт нэг ч төгрөг төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, керосин, нафтагийн импорт бараг зогсжээ. Ингэхээр “Пүрэвдоржийн хууль зорилгоо биелүүлээгүй” гэсэн шүүмж авч байгаа юм. Учир нь мань эр 2020 онд Онцгой албан татварын хуулийн өөрчлөлтийг санаачилж, 2021 онд батлуулахдаа “Татварын бааз сууриа тэлж, төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ.
Зөвхөн керосины тухайд хууль батлагдсанаар улсын төсөв 34.2 тэрбумаар нэмэгдэнэ” гэчихсэн юм байна. Иймэрхүү хэд хэдэн ач ходбогдол ирнэ гэж байжээ. Гэхдээ “Хуурамч шатахууны үйлдвэрлэлд хязгаарлалт болно” гэсэн нь 100 хувь биелсэн байна. Тиймээс хэн ч юм Цэцэд хандаад, яагаад ч юм “Пүрэвдоржийн хууль Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлтийг Цэц гаргажээ. Хамгийн гол нь яаж байгаад ч юм Их хурал тэр дүгнэлтийг нь өчигдөр “Тэгжээ” гээд хүлээгээд авчихав. Ингээд Пүрэвдоржийн хууль “нүд аньж” байгаа юм. Одоо нефтийн дайвар керосин, нафта онцгой татваргүй, чөлөөтэй орж ирнэ. Пүрэвдоржийн хуулиас болоод 2 жил таг гацсан Монголд нефтийн бүтээгдэхүүн нэрэх, үйлдвэрлэх үйл ажиллагаа дахин сэргэнэ. Хуурамч шатахууныхан хөлжинө дөө.
Ерөөс, ингэж Хууль, Цэц, УИХ дамжсан үйл явдлуудын дүнд хуурамч шатахууны нөхдүүд л хожиж буй дүр зураг харагдаад байгаа юм. Гэтэл энд шал өөр нөхдүүд зодолдоод унав. Пүрэвдорж Адьшаа, Пүрэвдорж Анандбазар, Пүрэвдорж Баттөмөр гээд нүдэлдэж байна. Олон нийт тэдний нүдэлдээнийг хэн, яагаад босгож ирснийг хараахан харахгүй байна. Цаана нь шал өөр, хуурамж шатахууны хунтайж жононгууд инээгээд л сууж буй… Ер нь бол Пүрэвдоржийн хууль хүчингүй болсон нь Анандбазарт, Баттөмөрт ашиггүй нь үнэн. Хуурамч шатахууныханд ашигтай учраас тэр шүү дээ. Харин Адьшаад ашиг өгөх нь юу л бол?! Хамгийн гоё нь хуурамч шатахууныхан ингэж яс хаячихаад гишүүдийн зодооныг холоос харж сууна. Яагаав, “Ухаантай сармагчин барын зодооныг уулан дээрээс хардаг” гэж хятад үг бий шүү дээ.
Дашрамд хэлэхэд, Пүрэвдорж гишүүн энд ингэж ялагдсанаа бүтэн жил тасралтгүй яриад явахад дахиад сонгогдох боломжтой болчихлоо. Учир нь мотор “унадаг” монгол хүн бүрийн бараг 90 хувь нь хуурамч шатахуунаас болгоомжилдог. Үнэхээр ч Монголд найруулсан шатахуун Оросоос ирдэг шиг чанартай эсэхийг шинжилдэг лаборатори ч манайд алга. Тэр хэмжээгээр дотоодод шатахууны үйлдвэрлэл явуулах нь эрсдэлтэй шүү дээ. “Мал ёо гэдэггүй” гээд ямар нь мэдэгдэхгүй вакцин шахдаг шиг машин ямар шатахуун шахуулснаа бидэнд хэлэхгүй. Амталж үзэх биш, бид. Тэгэхээр ядаж олон улсын стандартад нийцсэн лабораторитай болтлоо Пүрэвдоржийн хуулиар хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлах л байсан юм даа?!
Т.Саран
Эх сурвалж: news1.mn