О.Батнайрамдал шиг боловсон хүчнээ хамгийн “но”-той салбарынхаа торгуулийн суман дээр үлдээсэн бол…

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн үйлчлэлийн үр дүнд Монгол Улс анх удаа нүүрсээ Монголын Хөрөнгийн биржээр арилжих эхлэл тавигдаад ердөө хэдхэн хонож байна. Удахгүй жигдрээд ирэхээр хүссэн хүсээгүй бүх гэрээ ил тод болоод ирнэ.

Оны өмнө нийгмийг хуйлруулсан нүүрсний хулгай буюу далд эдийн засаг анхнаасаа бий болох хөрс суурь бол нүүрсний гэрээ нь ам үнэ, хилийн үнээр зарагддаг байсантай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд ярьдаг. Уг нь “Эрдэнэс Таван толгой” хөдөлж эхэлсэн тэр он цагтай зэрэгцээд л биржийн үнээр гэрээгээ ил тод хийгээд явсан бол өнөөдөр дуулиан шуугиан болоод байгаа олон зуун их наядын нүүрсний хулгай гарахгүй байсан биз ээ. Нүүрсээ олон улсын зах зээл, хөрөнгийн биржийн тухайн сарын, тухайн өдрийн үнэ ханшаар аль эрт зарж эхлэх ёстой байв. Харамсалтай нь тодорхой шалтгаан, улс төрийн нөлөөлөл, улс төрийн шантааж болон эс үйлдэхүйн олон зүйлээс болоод маш олон жил үүнийг хийгээгүй явж ирсэн. Монголд үнэ цэн нь улам их мэдрэгдэх энэ хуулийн төслийг санаачилж, гардан боловсруулсан автор нь УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн О.Батнайрамдал гэдгийг уул уурхайн салбарынхан андахгүй. Энэ талаар “Зууны мэдээ” сонины тоймч С.Уянгаа өнөөдөр ингэж бичсэн байна. 

“Хөгжлийн банкны сонсгол, хүүхдийн мөнгөний бүртгэлийн дүйвээнээр өнөөх нүүрсний хэргээ мартахгүй шүү, бүгдээрээ!
Гэтэл сүүлийн үед нүүрсний хулгайчдаас хариуцлага нэхэх, тогтолцоог нь өөрчлөх эрч нэг л сулраад явчихав уу. Уул уурхайн салбарт урьд өмнө харагдаагүй тогтолцооны реформ хийнэ гэж зүтгэж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг батлуулахаар он дамнан барьж гүйж авторлосон дэд сайдыгаа яагаад намын төв аппарат руу татчихав. Уг нь мэдлэг, туршлага, зүтгэл гээд олон ч талаараа засгийн танхимдаа л хэрэгтэй байсан юм даа.
Үндсэндээ улс төрийн дэмжлэг авахгүй найман жил дуншсан биржийн хуулийг энэ Засгийн газар оруулж ирж, Монгол түүхэндээ анх удаа хүрэн нүүрсээ Хөрөнгийн бирж дээр цан цохьсон нь саяхан. Ингэж Монголчууд нүүрсээ хулгайд алдах “зам”-ыг хааж, ил тод, нээлттэй болгож чадсан эхний туршилтаар 12800 тонн нүүрс арилжих захиалга авч, дагаад үнэ нь 12 хувь өссөн гэх.
Үүнийг арай эрт хийчихсэн бол гэж амаа барьж, алдагдсан боломжоо бодож толгой сэгсэрсэн хүмүүс их байна. Яахав ээ, ямартаа ч эхлүүлсэн нь том дэвшил, супер шийдэл, тэгээд үр дүнд хүрсэн нь алга таших зүйл шүү. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим шийдэл, нүүрсний цахим платформ, Үндэсний баялгийн сан гээд уул уурхайн салбарт олон арван жил ужгирч бугшсан идээ бээр болгоныг шахаж эхэлсэн амаргүй шинэчлэлийг гардан хийж байгаа гялтайх ганц дэд сайдаа эрх баригч нам Нарийн бичгийн мест рүү татаж, хайран чадварыг нь ашиглахгүй байх шиг. Уг нь Монгол Улс хөгжлийнхөө мөчлөг дээр байгаа яг энэ цаг үед О.Батнайрамдал шиг боловсон хүчнээ хамгийн “но”-той салбарынхаа торгуулийн суман дээр үлдээж, “толгой”-г нь ашигласан бол тэ. Төрийн ажил хийлгэнэ гэж урьж авчирсан гээ биз дээ. Хэд хэдэн удаа ярилцлага авсан сэтгүүлчийн хувьд энэ томилгоог гайхаж л сууна. За тэгээд харж л байя даа. Дэд сайд нүүрсний реформын талаар “Зууны мэдээ”-д ингэж ярьж байв.
https://news.mn/r/2611612/ “ хэмээн бичжээ. 

SHARE