“Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалтай нэгтгэх хэрэгтэй”

Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр  хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас тусад нь гаргасан нь хяналтгүйгээр төсөв хуваарилдаг буруу жишиг тогтоосон гэдгийг хөндлөө.  Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

 

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан:

-Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж байхад олон хүн ашиг сонирхлын асар том зөрчил болно гэдгийг хэлж байлаа.  Яг л тийм боллоо. Энэ сан одоогоор бүтээгдэхүүнээ өөрсдөө нийлүүлж өөрсдөө худалдан авч, түүндээ хяналт тавьж байна.   Ганцхан субъектын хүрээнд энэ бүх ажиллагаа явагддаг ашиг сонирхлын харилцаа хаана ч байхгүй. Дэлхийн бүх л улсад нийгмийн даатгалын тогтолцоон дотроо эрүүл мэндийн даатгал нь явж байдаг. Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгахад мөнгөн хөрөнгө нь 611 тэрбум байсан. Харин өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг дутахаар байна. Үүнийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүссэн. Зохиомлоор баахан орлого тооцоолдог. Зөвхөн томоохон эмнэлэг биш, улс төртэй хамаарал бүхий хүмүүсийн хувийн жижиг эмнэлгүүд ч гэсэн орно. Зохиомлоор орлого тооцоолж, хяналтгүйгээр төсөв авдаг. Өөрсдөө хяналт тавьж байгаа юм чинь яаж хянах юм. Ийм гажиг тогтолцоо байж болохгүй, тогтолцоог буцааж зөв гольдрилд нь оруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын санг буцааж НДС-тай нэгтгэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн  С.Чинзориг:

-Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт нэг л байгаа онохгүй байна. Энэ нь томоохон клиник болон хувийн эмнэлгийг л дэмжсэн тогтолцоо болсон. Өрх, сумын эмнэлгүүд дээрх эмнэлэгтэй өрсөлдөх гарааны ижил биш нөхцөлтэй байгаа. Цар тахлын нэрийг барьж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих ёсгүй олон зардлыг санхүүжүүлж байна. Тухайлбал, эрт илрүүлгийн зардал байна. Эрүүл мэндийн тухай хуулиар тухайн зардлыг төр хариуцах ёстой.  Мөн тус хуулиар эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авч, нийлүүлэхийг хориглодог. Бид өөрсдөө мэдсээр байж хуулиа зөрчиж байна. Хууль бус санхүүжилт хийсээр байгаад Эрүүл мэндийн даатгалын сан чөлөөт үлдэгдэлгүй болсон. Өнөөдөр зарим иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй байгаа ч хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй. Өнгөрсөн жил 260 гаруй тэрбум төгрөгийн өртэй гарсан тус сан энэ оны даатгалын сангийн мөнгөнөөс өрөө хаасан. Одоо яах юм бол. Эрүүл мэндийн даатгалын сан гүйцэтгэлээр санхүүждэг болоод эмч нар хоёр сая төгрөгийн цалинтай болсон гэж салбар яамнаас мэдээлсэн.  Гэвч хэрэгжсэн зүйл алга.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Үүний дүнд иргэд ч эмнэлгээ сонгон чанартай үйлчилгээ авна гэж тооцсон. Тогтолцооны өөрчлөлт хийж байгаа учраас хүндрэл үүсч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сум, багийн түвшинд үүссэн хүндрэлийг яаралтай шийдэхгүй бол хэдэн эмч нар нуруугаа авлаа.

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болов.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзориг ажиллана.  Гишүүдэд  УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Идэрбэт, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Туваан нарыг дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE