Суут Б.Шаравын 70 насны ойг тэмдэглэлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав эдүгээ амьд сэрүүн байсан бол өчигдөр 70 насыг зооглох байлаа. Суут хөгжмийн зохиолчийн гэр бүл, хамтран зүтгэгч уран бүтээлчид, анд нөхөд нь “Б.Шарав сан”, “Таван нүдэн” брэнд, “On&Off” продакшинтай хамтран эл өдрийг тохиолдуулан түүний дууны болон хөгжмийн бүтээлүүдээр “БАЯРЛАЛАА” хүндэтгэлийн тоглолтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Хоёр өдрийн турш аугаа Б.Шаравын дотно хэн бүхэн нь, сонсогч, шүтэн бишрэгчид нь түүний Монголчуудад төдийгүй дэлхийн хөгжмийн их санд үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг шимтэн сонсож, огшин бахархаж, бахдан биширч түүнийг дурсан хүндэтгэлээ. “Цэнхэр гаригт үдлээд нисэхдээ тэр Хангарьд байлаа. Цээжинд үлдээсэн хөгжим нь мөнхөд дурсагдах яруу аялгуу байлаа” хэмээн хөтлөгч бүсгүйн хэлсэнчлэн түүний яруу бөгөөд, сүнслэг, гүн гүнзгий мэдрэмж агуулгатай бүтээлүүд хүн төрөлхтний зүрхэнд хүрч сэтгэлийг догдлуулж дэлхийд данстай болсоныг “Замбуу тивийн магтуу” нь ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан сан хөмрөгт бүртгэгдсэн, “Хэрлэнгийн домог” бүтээлийг “Нобелийн шагнал гардуулах ёслолд тоглосон зэрэг баримтууд харуулдаг. Үнэхээр хөгжим бол хэл, соёл, шашин шүтлэг хамаарахгүй зүрхэнээс зүрхэнд хүрдэг “бурхадтай харилцдаг хэл” юм. “Баярлалаа” концертонд “Хэрлэнгийн домог” бүтээлийг Монголдоо анх удаа тоглосон нь хүндэтгэлийн тоглолтын нэгэн сюрприз байв.

Мөн энэ концертод Б.Шаравын амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурвисан “Жаргалтхааны тэмдэглэл”,“Асемын тэмдэглэлүүд” зэрэг олон шинэ бүтээлүүд анх удаа сонсогчдод хүрсэн. Түүнчлэн түүний “Чингис хаан” дуурийн “Бөртэ Үжиний ари”, “Жамухын ари”, “Залуу Тэмүүжиний ари”, “Манан” , “Сэрсэн тал”, “Наадмын дэнж”, “Өнө мөнх орон” “Монголын тал нутаг”, ”Аав ээж хоёр минь”зэрэг олон аугаа бүтээлүүд нь үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж байсныг нуух юун. Тэрээр үнэхээр цэнхэр гаригт үдлээд нисэхдээ тэр Хангарьд байлаа, цээжинд үлдээсэн хөгжим нь мөнхөд дурсагдах яруу аялгуу байлаа.

Тоглолтод Монгол Улсын Консерваторийн цохивор хөгжмийн чуулга, Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин Хуурын Чуулга, Үндэсний Урлагийн Их Театр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын симфони Найрал хөгжим, Найрал дуучид, Төрийн Соёрхолт Харанга хамтлаг, Баян Монгол чуулга, Ардын жүжигчин А.Долгор, Д.Жаргалсайхан/Чингис хаан/ Урлагийн Гавьяат зүтгэлтэн төгөлдөр хуурч Б.Чинбат, төгөлдөр хуурч Г.Ганчимэг Б.Ариунаа, Гавьяат жүжигчид гитарчин Д.Отгонбаяр/Хурд/ Г.Хонгорзул, Ө.Уянга, Э.Анхбаяр, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, С.Наран, ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, С.Бат-Эрдэнэ, Э.Отгонбат, Н.Чулуунхүү, Sweetymotion хамтлаг, морин хуурч Б.Амарбаяр Х.Батзаяа, дуучин Ч.Мишээл, гитарчин Г.Батхүү, СУИС, Бадмаараг сургуулийн найрал дуучид тус тус оролцлоо.

SHARE