Барууны улсууд Монгол Улсыг шинээр харж эхлэв

Герман улс Монголын сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байна, Монголд ногоон эрчим хүчний боломж өндөр, Монголтой газрын ховор элементийн чиглэлд хамтрахад бэлэн…

Энэ бол ойрын хэдэн өдөр олон улсын томоохон хэвлэлээр цацагдсан Монголын тухай мэдээллийн гарчгууд. Итгэл, ирээдүй, түншлэл, боломжийн тухай өгүүлсэн эдгээр мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германд айлчилсны дараа барууны хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал, дэлхийн мэдээллийн зангилаа болох Associated Press агентлаг, АНУ-ын ABC News, Германы медиа салбарын түүчээ Deutsche Welle болон Европын хэвлэл мэдээллийн гол тоглогчид Монгол Улсын Ерөнхий сайдын Герман дахь айлчлалыг ийнхүү мэдээлж, ингэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Германд айлчлах үеэрээ Германд төдийгүй барууны орнуудад Монгол бол өргөн боломжийн өлгий нутаг болохыг дахин сануулаад, манай улсад дэлхийн ирээдүй гэгдэж буй газрын ховор элемент болон сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж өндөр байгааг онцолсон байна.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Европт Монголыг дахин танилцууллаа.

Үнэндээ Ерөнхий сайдын Герман дахь айлчлал олон нийтийн дунд шүүмжлэлийг дагуулсан. Түүнийг МИАТ-ийн онгоцонд хамт  явж байсан зорчигчдыг бухимдуулсан хэмээн хэд хоног л түүнийг шүүж, хэн хүнгүй дуу өндөрсгөн дайрцгаасан. Гэтэл бидний шүүмжилсэн айлчлалыг барууны хэвлэлийнхэн магтсан байх юм.

Уг нь тусгаар тогтносон Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд аюулгүй байдлаа харсан ч, ая тухаа бодсон ч тэр тусдаа онгоц гаргуулаад Герман руу нисэх эрх Л.Оюун-Эрдэнэд бий. Тив дамжсан айлчлал бүү хэл нийслэлээс зайтай гарахдаа хүртэл манай төрийн өндөрлөгүүд онгоц хөлөглөдөг. Монгол төрийг төлөөлж буй гэдэг утгаараа энэ бол байх ёстой эрх дарх. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Герман дахь айлчлалын хувьд улс орны санхүү хүнд бас төр өөрөө хэмнэлтийн тухай тусгай хууль баталчихаад байхад Ерөнхий сайд нь тусгай үүргийн онгоц хөлөглөөд Европ нисэх нь үрэлгэн учраас ая тух, эрх ямбаа орхиод, “замын унаанд” л дайгдсан хэрэг.

Үнэндээ Ерөнхий сайд бол татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийг зорьсон  зорчигч. Харин ажил хэрэгч санаачилгыг нь бусдад түвэг учруулахгүйгээр шийдэх боломж үндэсний агаарын тээвэрлэгч болох МИАТ ТӨХК-д байсан. Гэтэл  МИАТ зорчигчдоо мэдээллээр хангаж, зохицуулалт хийгээгүйгээс  хэмнэх гэсэн Ерөнхий сайдыг олон нийтийн өмнө муухай харагдуулав. Хэрэв ерөнхий сайд тусгай үүргийн онгоцоор ниссэн бол 800 сая төгрөгийн зардалтай байв. Харин энэ зардлыг 20 дахин бууруулж 40 сая төгрөгөөр Ерөнхий сайд багийн хамт нисээд иржээ. Ингэж төсвийн мөнгийг 700 сая төгрөгөөр хэмнэснийхээ төлөө тэр буруутан болсон.

Бас бид хэд хоног Ерөнхий сайд руу чичилж байх зуураа энэ удаагийн айлчлалын утга учир, үр дүнг тэр бүр тоогоогүй орхигдуулжээ. Ингэхэд Герман Монголын хувьд ямар улс вэ. Евробүсийн хамгийн хүчирхэг эдийн засаг, инновац, технологийн хөгжлөөр дэлхийд дээгүүрт бичигддэг их гүрэн. Ийм улсад Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улс 10 гаруй жилийн турш Ерөнхий сайдын түвшинд Германд айлчлаагүй. Тэр утгаараа Монгол, Германы хувьд ч цаашлаад манай улс болон Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааны хувьд энэ айлчлал чухал байсныг онцлох хэрэгтэй.

Герман улсад айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын нийгэм, эдийн засагт нэн чухал хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Харамсалтай нь, энэ хэл ам, чимээ шуугианд дарагдаад тэр бүр хүмүүст хүрсэнгүй. Улс төлөөлж яваа хүний хувьд нэн тэргүүнд эрчим хүчийг хөндөж. Энэ өвөл бид хөлдөж ч магадгүй байгаа нь бодит үнэн. Тиймээс энэ эмзэг асуудлаар германчуудтай уулзаж, хамтран ажиллахаар ярилцжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр Германы сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх компанийн удирдлагуудтай уулзаж, сэргээгдэх эрчим хүчний бодит төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татахаар хэлэлцсэн байна.  Доллар ховордож, эрчим хүч тасрах дөхсөн үед Европыг зориод хагас тэрбум ам.доллар татаад, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг  шийдээд ирсэн нь энэ. Гэтэл бид магтан сайшаах нь бүү хэл баахан шүүмжилж, шүлсээ үсчүүлсэн.

Тодруулбал, WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 102 MВт-ын салхин цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй бөгөөд ирэх оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус компани Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн Ерөнхий сайдын айлчлалын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Социал Демократ намын бүлгийн дарга Р.Мютцених Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, түүний Герман дахь айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгоход Германы тал бэлэн байгаагаа дахин илэрхийлжээ. Ялангуяа, хоёр улс ойрын жилүүдэд газрын ховор элемент болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал болохыг онцолсон байна. Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалынхаа үеэр уулзаж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ХБНГУ-ын Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч WPD групп компанийн хэрэгжүүлж буй 102 МВТ-ын хүчин чадалтай “Ханбогд салхин цахилгаан станц” төсөл, Монголоос 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, 2023 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэхэд Герман стандартыг нэвтрүүлэх зэрэг тодорхой төслүүдэд тус улсын Бундестаг дахь Социал демократ намын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Айлчлалын үеэр хөндөгдсөн яриа хэлэлцээг тус улсын Холбооны Канцлер Олаф Шольц бодит ажил болгож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлснийг ноён Р.Мютцених Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан байна.

Монгол Улс нүүрс, нар, салхи гээд эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй ч өнөө хэр цахилгаан эрчим хүчийг хоёр хөршөөсөө буюу гадаадаас худалдан авдаг. Эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг импортолж, жилд дунджаар 400 тэрбум төгрөг гадаад руу урсгадаг. Энэ эмгэнэлт байдалд цэг тавих хамгийн боломжит гарц бол сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр. Бас хамгийн боломжит түнш бол барууны орнууд. Бидэнд цахилгаан зарж, мөнгө олдог хөршүүд маань манайд цахилгаан станц барьж өгөөд, биднийг өөрсдөө эрчим хүчээ хангадаг болохыг дэмжих үү. Энэ утгаараа Европын орнууд эрчим хүчний салбарт түншлэх хамгийн боломжит хамтрагч. Тиймээс Ерөнхий сайд ч эрчим хүчний эх үүсвэрийн талаар Германы талтай ярилцжээ. Эрчим хүчний найдвартай, бие даасан байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа гэдгийг  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удаа дараа мэдэгдэж байсан. Үүнийг ч Ерөнхий сайд айлчлалаараа баталлаа.

Эрчим хүчнээс гадна бас газрын ховор элемент, нийслэлийн замын түгжрэл гээд чухал асуудлаар германчуудтай хэлэлцсэн байна. Үүнээс харахад яах аргагүй залуу Ерөнхий сайдын шийдэмгий, шинэлэг, алсыг харсан алхмуудыг магтмаар.

Дээрээс нь Харвард төгссөн атлаа англиар ярьсангүй гэж Ерөнхий сайдыг  шүүмжлэв. Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ бол Германд албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд учраас төрт ёс, дипломат дэг жаягийг мөрдөх ёстой.  Эх орноо төлөөлж буй Ерөнхий сайд гадаадад очоод хэл усаараа гайхуулаад суудаггүй, үндэсний хэлээрээ ярьж, тусгаар улсаа тамгалдаг. Энэ дэгийг тэрбээр дагасан. Харин улстөрийн бус уулзалтууд буюу Германы бизнесийнхэнтэй уулзахдаа харин ч нэг хэл усаараа алмайруулсныг герман бизнес эрхлэгчид хэлж байсан. Манай Ерөнхий сайдын боловсрол мэдлэг, шинэлэг, зоримог байдал германчуудад үнэлэгдсэн аж.

Бас Орос-Украйны дайны талаар олигтой юм хэлсэнгүй гэж баахан шүүмжилсэн. Гадаадад Монголыг төлөөлж буй хүн дэлхийн ийм эмзэг асуудлаар хүчтэй байр суурь илэрхийлэх нь хэр оновчтой вэ. Бид хоёр хөрштэйгөө сайн түншийн харилцаатай бөгөөд гуравдагч улсад очоод хөршөө муулаад байх нь  зохимжгүй. Тиймээс дундыг бариад явахад зүйд нийцнэ. Гэтэл зоригтой дуугарсангүй хэмээн баахан муулав.

Товчхондоо Ерөнхий сайдын Герман дахь айлчлал Монгол Улсын улс төр, гадаад харилцаа, эдийн засгийн хувьд онцгой чухал, бодит үр дүнгээ үзүүлсэн айлчлал болов. Энэхүү айлчлалыг үр дүнтэй болгоход Гадаад Харилцааны Сайд Б. Батцэцэгийн удирдлага, мэргэжлийн ур чадвар, мөн Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б. Мандахбилэг нарын хичээл зүтгэл харагдаж байсан. Ер нь бид бүхнийг шүүмжлэгч өнцгөөс харж, учрыг нь ололгүй шүлсээ үсчүүлдгээ хэзээ болих вэ. Хэрэв ерөнхий сайд тусгай үүргийн онгоцоор ниссэн бол татвар төлөгчдийн мөнгийг хэмнэсэнгүй гээд бас загнах байсан нь ойлгомжтой. Хэмнэхээр чи хэмнэлээ гэж загнах. Татвар төлөгчдийн мөнгийг 700 саяар хэмнэсэн нь Ерөнхий сайдын буруу юу.

Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, эрчим хүчний салбар нь эх үүсвэр болон чадлын дутагдалд орсон энэ хүнд үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний гуравдагч хөрш болсон Герман улсад айлчилж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татан, богц дүүрэн ирлээ. Үнэндээ энэ хөрөнгө оруулалт бол алдаж болохгүй “шар тос”. Харин энэ “шар тос”-ыг шинэхэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажил хэрэг болгох нь гарцаагүй ээ.

Сэтгүүлч: Х. Номин-Эрдэнэ

SHARE