Юутай эмгэнэлтэй… ӨДӨР БОЛГОН ОД ХАРВАДАГГҮЙ

Орчин цагийн Монголын Сэтгүүл зүйд аналитик нийтлэлээрээ №1 явсан бичгийн хүмүүн Г.Отгонбаяр тэнгэрт дэвшжээ.
Эзэмшсэн Төмөр замын инженер мэргэжлийн техник сэтгэлгээ нь бичиж туурвисан нийтлэлд нь бусдаас ялгаран онцлох чадамж болж шингэсэн нэртэй сэтгүүлч явлаа.
Тэрбээр, бусад эрчүүдийн адил үр хүүхдүүддээ сайн аав, эхнэртээ сайн хань, зулай дээр төрсөн ах эгч нартаа сайн отгон дүү нь, аав ижийдээ сайн үр нь байж ирсэн, чадсан. Энэ бол төрөл төрөгсдийн доторх хүрээнд яригдах үнэлэмж.
Г.Отгонбаяр нь анхлан 1996 оноос МУ-ын парламентын төв хэвлэл “Ардын эрх” сонин, 1998 оноос Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар ажиллаж Монголын Сэтгүүл зүйн хүндтэй босгыг алхсан төрийн албан хаагч байлаа. УИХ-аас Хэвлэлийн тухай хууль батлан гаргаж, үр дүнд нь төр засаг өөрийн мэдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй болсон тэртээ 1999 оноос хойших өнөөдрийг хүртэлх Монголын Чөлөөт хэвлэлийн 23 жилийн бүтээн босголтын түүхэнд энэ салбарт гоцлоочдын нэгэн явсан Г.Отгонбаярын гэх магистрал бичлэг бий.
Улаанбаатар төмөр замд галт тэрэгний цувааны тэргүүнд явдаг хөтлөгч локомотив нь хэдээр тоологддогийг мэдэх хүмүүс өдрийн од шиг цөөхөн. Харин Г.Отгонбаярыг Сэтгүүл зүйн шилдэг бүтээлээрээ “Балдорж” шагналын Гран при хүртсэн, Шилдэг нийтлэлчдийн “Баабар мн” клубын гишүүн гэдгийг, Монголын Сэтгүүл зүйд өөрөө үзэгдэл болон гарч ирсэн төдийгүй үзэг нэгтэй нөхдөө зөв бичлэг, зохистой сэдэв, анхаарууштай санааг хэрхэн онож бичих замд үлгэр дуурайлал болон түүчээлж ирсэн цөөхөн локомотив бичгийн хүмүүн болохыг мэдэх хүмүүс шөнийн од шиг олон билээ.
Монголын орчин цагийн Сэтгүүл зүйд өдрийн од шиг гялалзаж явсан Г.Отгонбаяр энэ Дэлхийгээс хаашаа ч юм бэ, буцлаа. Өдөр болгон харваад байдаггүй, цөөхөн өдрийн оддын нэг явсан даа, Г.Отгонбаяр сэтгүүлч.

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбын ЕРЭНТЭЙ

SHARE