Месси Аргентины шигшээд юу дутагдаж буй зүйлийг хэлэв

Лионель Месси сарын дараа эхлэх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ийг хөлбөмбөгчийн замналынхаа сүүлчийнх гэж мэдэгдсэн.

Аргентины шигшээ баг домогт Диего Армандо Марадонагийн гайхшгийг бүтээсэн 1986 оноос хойш ДАШТ-ий аваргын алтан цомыг гардаагүй байгаа билээ. Тэгвэл “Алтан бөмбөг”-ийг долоон удаа хүртсэн Мессигээр ахлуулсан баг олон тоглолт дараалан хожигдолгүйгээр Катарт болох ДАШТ-д онцгой өндөр хүлээлттэйгээр очих гэж байна. Гэвч Месси тэдэнд юу дутагдаж буй талаар ийн өгүүлжээ.

“Заримдаа бидэнд буюу аргентинчуудад тайван байх чадвар дутагддаг. Биднийг ирэх ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын тоонд нэрлэж байна. Гэвч үргэлж л бид түрүүлэх багуудын тоонд байдаг шүү дээ.

ДАШТ бол маш хэцүү тэмцээн. Аварга болохын тулд мөн ч их зүйлийг золиослож, зүтгэх хэрэгтэй болдог. Мөн яг л бидэн шиг Дэлхийн аварга болохыг хүсч мөрөөдөж буй олон баг тэнд очно шүү дээ” хэмээн Месси өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE