Эсрэг, тэсрэг байр суурь

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг парламент хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцсэн.  Мөн энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан байна.  Улмаар шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулахаар заасан билээ.   Тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,  Ж.Сүхбаатар нар ямар байр суурьтай байгааг хүргэе.

Ж.Сүхбаатар: Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцээд явах ёстой

-Энэ хуулийг хэлэлцээд шийдэх ёстой асуудал. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд энэ талаар Авлигатай тэмцэх газарт үүрэг, чиглэл өгч, хуулийн төслийг боловсруулах асуудал эрчимжиж явсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьсан. Хууль зүйн гол үндэс нь манай улсын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Алсын хараа 2050”–ын авлигагүй засаглалын чиг үүрэг, Их хурлын хууль тогтоомжийн үндсэн чиглэлд туссан.  Олон улсын судалгаанаас үзэхэд хувийн хэвшлийн салбарт үйлдэгдсэн залилангийн 45 хувийг салбар дотроос нь мэдээлсэн мэдээлэлд тулгуурлан илрүүлсэн байдаг.  Авлига тойрог замаар явдаг учраас дотроос нь задалж илчилж байж, ил гардаг зүйл.  Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Манайхан матаас гээд социализмын үеийн айдастай явдаг. Барууны орнуудын гэмт хэргүүдийг илрүүлсэн нь шүгэл үлээгч л болдог. Манай улс авлигажсан улсын тоонд орсон. Тиймээс энэ төрлийн асуудал дээр болгоомжлол байгаа. Гэхдээ иргэд хооронд хүндрэл үүсгэх гэж байгаа хэрэг бус. Харин эрх мэдлийн орчинд авлигатай холбоотой асуудал дээр болгоомж, авлига авах сэдэл санааг хязгаарлах асуудал шүү дээ.

 

Б.Энх-Амгалан: Улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй

-Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Авлига бол нууж авдаг хулгай.  Авлига бол нийгмийн хорт ургамал.  Үүнтэй санал нийлж байна.  Гэхдээ авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон  хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх вий.  Улмаар өшөө авдаг, шантаач хийдэг ийм байдалд орох вий. Бид өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулиа гаргаж чадаагүй байгаа улс шүү дээ.  Цахим гүтгэлгээ  зогсоож чадаагүй байна. Гадны тусгай албадын явуулж байгаа үйл ажиллагааг бид хааж  чадахгүй байгаа. Нийгмийн давалгаа буюу троллуудаа зогсоож чадахгүй байна.  Ийм үед мэдээлэгч буюу матаасчинг тодруулаад мөнгөн урамшуулал олгоод нийтийн эрх ашгийн төлөө түүний хамаарал бүхий этгээд, амь нас эд хөрөнгийг хуулиар хамгаалаад байж болох юм уу.  Байгууллагынхаа асуудлаар шүгэл үлээвэл байгууллагын нууц, хувь хүний нууцыг хамгаалах хууль үйлчлэхгүй болгож оруулж ирсэн байна.  Мөн амаар болон бичгээр, төлөөний хүнээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн.  Ийм хууль батлах цаг үе нь  биш.  Мэдээллийн аюулгүй байдал цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй.   Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд гадны тусгай албадын чиглэлээр орж ирж байгаа мэдээ мэдээллийг золиос болгох вий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE