Ираны эрх баригчид жагсаалыг зогсоох тухай хэлэлцжээ

Толгойны алчуур буюу хижабаа зүүгээгүйн улмаас цагдаад баривчлагдаж удалгүй нас барсан 22 настай эмэгтэй Махса Амины хэргээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал Иранд дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна.Энэ явдлаас хойш гурван эмэгтэй нас барсан байна. Тэдний хоёр нь 16,17 настай өсвөр насны охин байсан агаад жагсаалд оролцож байх үеэрээ цагдаа нарын гарт амиа алдсан гэж гадаадад төвтэй перс хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд байна. Гэвч Засгийн газраас энэ хоёр охины үхэлд жагсаал хамааралгүй гэж мэдэгдэв.Ийн цагдаа нар, жагсагчдын дунд ширүүн тэмцэл өрнөсөнтэй холбоотойгоор Ираны Засгийн газрын удирдах түвшний гурван албан тушаалтан уулзжээ.

Тодруулбал, ерөнхийлөгч Эбрахим Райси, парламентын дарга Мохаммад Багер Галибаф, Шүүхийн ерөнхий газрын дарга Голам-Хоссейн Мохсени Эжеи нар бямба гарагт ерөнхийлөгчийн өргөөнд уулзаж, Ираны эдийн засаг, иргэдийн амьдралыг тогтворжуулахын тулд аюулгүй, тайван байдал чухлыг онцолжээ. Энэ талаар ерөнхийлөгчийн цахим сайтад нийтэлсэн мэдэгдэлд “Иранд үүссэн зөрчлийг амжилттай даван туулахын тулд хэл, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр бүгд эв нэгдэлтэй нийгмийг бүтээх шаардлагатай байна” гэж бичжээ.

Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад интернэтийн сүлжээг хязгаарласан. Үүнээс үл хамааран бямба гарагт үүссэн эмх замбараагүй байдалтай холбоотой бичлэгүүд олон нийтийн сүлжээнд цацагдсаар байгаа юм. Үүнээс гадна Ираны төв телевиз хакердуулж “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн уриа лоозонг бүхий дүрс хэдэн секундын турш гарч, эсэргүүцлийн жагсаалд хүмүүсийг уриалжээ.Тиймээс Иранд үүссэн жагсаал дэлхий нийтийн олны анхаарлын төвд байна. Жагсаалд их сургуулийн оюутнууд нэгдэж, хижабаа тайлан Засгийн газрынхаа эсрэг уриа лоозон барьж сургуулийнхаа гадаа тэмцэж байгааг Ираны төрийн мэдээллийн “IRNA” мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Махса Аминигийн нас барсан шалтгаан нь өдгөө хүртэл тодорхой болоогүй байна. Түүний үхлийн шалтгаантай холбоотой тайланг мягмар гарагт буюу өнөөдөр парламентад танилцуулна гэдгийг хууль тогтоогчид бямба гарагт мэдэгдсэн гэж “Al Jazeera” сайт мэдээлэв.

Ираны эрх баригчид тус улсад үүсээд буй эмэгтэйчүүдийн эрх чөлөөний эсрэг жагсаалыг гадаадын аль нэг улсын удирдлаган дор зохион байгуулж байгаа хэмээн буруутгаж,  Европын холбоо хориг арга хэмжээ авбал хариу үйлдэл үзүүлнэ гэж мэдэгдээд байна. Ираны албаныхны мэдээлснээр жагсаалын үеэр гадаадын есөн иргэнийг баривчилжээ. Үүнтэй холбоотойгоор иргэдээ Иранаас гарч явах болон аялахгүй байхыг Европын хэд хэдэн орон уриалаад байна. Дашрамд дурьдахад эсэргүүцлээ илэрхийлж үсээ тайрах хөдөлгөөнд Оскарын шагналт жүжигчин Жульетта Бинош, Марион Котийяр нар нэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE