Манчестерийн дерби 6:3-аар “Манчестер Сити”-гийн хожлоор өндөрлөсөн нь хөлбөмбөгийн ертөнцийн гол ярианы сэдэв байсаар байна.
Жейми Каррагер твиттертээ “Роналдог гараанд гаргаагүй нь миний алдаа байлаа гэж Эрик Тэн Хаг хэлсэн нь инээд хүргээд хаячихлаа. Тэд Роналдотойгоор “Брэнтфорд”-той тоглоод эхний үед 0:4-оор бас хожигдоо биз дээ. Энэ бол зүгээр л Роналдог аргадсан үгс. Рэшфорд “Арсенал” болон “Ливерпүүл”-ийн эсрэг ямар мундаг хурдан гүйж тоглосныг хүн бүхэн харсан шүү дээ. Тиймээс Рэшфордыг гараанд гаргах нь Тэн Хагийн хувьд 100 хувь зөв шийдвэр нь байсан” хэмээн бичсэн аж.
Тэгвэл Рио Фердинанд энэ жиргээнд нь хариу бичжээ. “Карра, чи одоо хүртэл Роналдо чамтай гар барилгүй зөрсөнд уурлаад л яваа юм уу? Хөлбөмбөгт хамгийн хэцүү нь гоол хийх байдаг. Роналдо өнгөрсөн улиралд багийнхаа шилдэг мэргэн бууч нь байсан юм шүү” гэжээ.
Жейми Каррагер ч энэ сэтгэгдлийн дор бодлоо хэлэхгүй байж тэвчээгүй бололтой хариу өгөхөөр яарчээ. “Үгүй ээ, тэр гар барилгүй өнгөрсөн бичлэг сошиалаар тарсанд би харин ч баяртай байгаа. Рио, Эвра та нарын хэсэг найз нар WhatsApp-ийн чатаар харилцдагийг би мэднэ. Магадгүй тэрүүгээр та нарыг Роналдог өмгөөлөхийг ч хүссэн байх. Одоо Роналдогийн хувийн фанат байхаа боль л доо. Чи чинь Рио Фердинанд юм байгаа биз дээ!” хэмээн Каррагер бичсэн байна.
Р.Гэгээ