Английн шигшээ багийн баруун хамгаалагчийн байрлалд хэд хэдэн сайн хөлбөмбөгчид байгаа. “Челси”-гийн Рис Жеймс, “Манчестер Сити”-гийн Кайл Уолкер, “Ньюкасл”-ын Киран Триппьер мөн “Ливерпүүл”-ийн Трент Александер-Арнольд нарын зэрэг хөлбөмбөгчид ганц байрлалд “шавсан” гэж хэлж болно.
Гурван арслангийн жолоог атгаж буй Гарет Саутгейт довтолгоонд ч, хамгаалалтанд ч адилхан тэгш сайн тоглодог хөлбөмбөгчийг эрхэмлэж буй тул Трент Александер-Арнольдыг есдүгээр сарын сүүлчээр болсон тоглолтуудад оролцуулахаар шигшээдээ дуудсан ч гэлээ гараанд гаргах байтугай сэлгээгээр ч гаргасангүй. Үүнийгээ ч тайлбарлахдаа Трентийг хамгаалах тал дээр хангалтгүй гэж дүгнэж буйгаа хэлсэн.
Тэгвэл цагтаа “Астон Вилла”-гийн довтлогч явсан Габриель Агбонлахор Английн шигшээ багаас нэгмөсөн татгалзах саналыг Трент Александер-Арнольдод тавьжээ.
“Би лав Трентийн оронд байсан бол шигшээ багт дахин тоглохгүй гэх байлаа. ДАШТ-ий мэдүүлэгт ч багтахгүй юм бол шигшээгийн дуудлага хүлээж суугаад яах билээ. Шигшээ баг шинэ дасгалжуулагчтай болтол тоглохгүй.
Шигшээ багийн цугларалт болгон дээр очсон хэрнээ огт тоглохгүй байх ямар утга байгаа юм бэ? Тэрний оронд клубтээ үлдээд, багийнхаа тоглолтод бэлдэж байвал дээр. Саутгейт бараг ярилцлага болгон дээрээ “Триппьер бол Трентээс илүү олон талтай тоглогч” гээд хэлээд байна шүү дээ.
Би хувьдаа үүнийг доромжлол гэж үзнэ. Триппьер надад таалагддаг. Гэхдээ Трент илүү олон талтай тоглогч. Миний бодлоор бол Трентээс Жеймс, Уолкер хоёр илүү сайн хөлбөмбөгчид. Харин Триппьерийг Трентээс илүү гэдэг нь наргиа байлгүй дээ.
Трент одоо шигшээ багт тоглохгүй гэвэл би лав гайхахгүй. Өмнө нь Английн шигшээд тоглохоос татгалзсан хөлбөмбөгчид байж л байсан” хэмээн Агбонлахор өгүүлсэн байна.
Р.Гэгээ