Төрийн гурван өндөрлөгийн маршрут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон.  УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан, Сэлэнгийн бүс нутагт ажиллав.  Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн эхэнд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабетыг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцлоо.

 

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд юу хэлэв?

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс гол агуулгуудыг хүргэж байна.

-Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол…

-Өнөө цагийн хүндрэлтэй үед аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой.

-Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам гэж үздэг.

-Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн.

-Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүллээ.

-Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байна.

-Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр батлуулаад байна.

-Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгав.

 

“Өвлийн хүлэмж, зоорь байгуулахад төрөөс дэмжлэг хэрэгтэй байна”

 

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүд  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллалаа. УИХ-ын  дарга Г.Занданшатар “Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүтгэлийн журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталж, цахим ситсемд шилжүүлээд байна. Ингэснээр дотооддоо тариалсан, гарал үүсэл тодорхой хүнсний ногоог хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэх юм гэдгийг онцлон тэмдэглэв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус бүс нутагт нэг жилд 50-100 сая ширхэг мод тарих боломжийг бүрдүүлээд байна гэсэн бол аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мод үржүүлэх, суулгах талбай бэлтгэхэд зарим газрыг чөлөөлөх шаардлага үүсдэг. Гэтэл тухайн газрыг заавал дуудлага худалдаагаар оруулах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд уг зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв.  Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд нийт 36.7 мянган тонн багтаамж бүхий хүнсний ногоо хадгалах, нүхэн болон механик зоорь байгаа аж. Үүнд өвлийн хүлэмж, зоорь байгуулахад төрөөс дэмжлэг хэрэгтэйг дурдаж байлаа.

 

Хатан хаан II Элизабетийг үдэх ёслолд оролцов

 

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов. Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон байна. Хатан хаан Элизабет хаан ширээнд залрах хугацаандаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үеэд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн 1990-ээд оноос  эхлэн манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн.  Хатан хааны Төрийн оршуулгын ёслолд нийт 2000 хүн, тэр дундаа гадаадын 200 орчим улсын 500 гаруй дээд, өндөр зочид төлөөлөгчид оролцож, Британид сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн том олон улсын арга хэмжээний нэг болсон байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE