Месси ирэх ДАШТ-ий тухай бодлоо хэлэв

Аргентины шигшээ баг нөхөрсөг тоглолтод Гондурасыг 3:0-ээр хожиход Лионель Месси дубль хийлээ. Тэрбээр тоглолтын дараагаар ирэх ДАШТ болон нөхөрсөг тоглолтын тухай бодлоо хэлсэн байна.

“Бид фанатуудаас өөрцгүй шүү дээ. ДАШТ-ийг мөн л түгшиж, мөрөөдөж, хүсэн хүлээж байгаа. Сэтгэл хөдлөл ч их байна. Гэхдээ манай баг маш хүчтэй болохоор сэтгэл бас тайван байна. ДАШТ бол хөлбөмбөгчийн хувьд хамгийн онцгой тэмцээн. Бид их том юм бодолгүй алхам алхмаар урагшлах ёстой.

Нөхөрсөг тоглолтуудын тухайд бол хөлбөмбөгчдөд амралт их хэрэгтэй болсон цаг гэж би боддог. Миний хувьд юу л болвол болог гээд өмнөх тоглолтуудад гараад л явдаг. Бурхан ивээж, бид гэмтэж бэртэхгүй байгаасай гэж найддаг. ДАШТ-д яг одоо байгаагаараа л орчихмоор байна.

Дасгалжуулагч бидэнд зөвлөгөө заавар өгч, бид ч гэсэн том болсон эрчүүд болохоор өөрөө өөрсдийгөө хэрхэн гэмтэл бэртлээс хамгаалах тал дээр анхаардаг. ДАШТ-д бид гэмтэл бэртэлгүй л очих чухал байна. Шигшээ багтаа нэгдэхдээ бид их баяртай байдаг. Энэ удаад бид ДАШТ-ий өмнөх сүүлчийн тоглолтуудаа хийж байгаа болохоор аль болох л түргэн ойлголцохыг хичээн ажиллалаа.

ДАШТ-ий эхний өдөр хүртэл бага хугацаа үлджээ. Тиймээс олдож буй боломжууд, өдөр хоногуудаа маш сайн ашиглах хэрэгтэй” хэмээн Месси өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE