Ши Жиньпинийн Казахстанд хийх айлчлалын эргэн тойронд

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-нд  Бүгд найрамдах Казахстан улсад айлчилна. Энэ нь Казахстан улс шинэ ерөнхийлөгчтэй болсны дараа тус улсад хийх анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Мөн энэ айлчлал Хятад, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болон хоёр улсын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээрийн 20 жилийн ой хүрээнд болж байна.Сүүлийн үед хоёр талын дээд түвшний харилцаа идэвхтэй сэргэж байна. Иймээс БНХАУ-ын даргын Казахстанд хийх айлчлал нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд түлхэц болно гэж шинжээчид онцолж байна. Энэ оны нэгдүгээр сард Казахстан улсад болсон улс төрийн дотоод хямрал болон “Шинэ Казахстан”-ыг цогцлоон байгуулах реформ зэрэг чухал үйл явдлуудад Хятадын зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн нь үүний илрэл юм.

Төрийн тэргүүн болон Гадаад хэргийн яамдын түвшний яриа хэлэлцээ, уулзалт, захидал солилцох, утсаар харилцах замаар хоёр орны харилцаа мэдэгдэхүйц эрчимжиж байна. Тодруулбал, Казахстаны ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал, Төв Азийн орнуудын удирдагчдын “Төв Ази-Хятад” болон БРИКС+ виртуал дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.Энэ оны хоёрдугаар сард хийсэн уулзалтаар хоёр орны удирдагчид “улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, өргөн хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлж, жинхэнэ сайн хөршийн харилцааг хөгжүүлэх” талаар тохиролцов.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэж буй бас нэг чухал баримт бол Казахстаны санаачлан хэрэгжүүлж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг (АХАИББХ) дэмжиж, үүнийг олон улсын байгууллага болгохыг Хятадын тал албан ёсоор дэмжсэн юм. Харин Казахстан  “Нэг Хятад” бодлогыг тууштай баримтлахаа илэрхийлж,Тайванийг БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа аажмаар цар тахлын өмнөх үе рүүгээ эргэн орж байна. Хилийн бүх шалган нэвтрүүлэх боомтууд хэвийн ажиллаж, авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Казахстаны бараа бүтээгдэхүүнийг импортолж эхэлсэн бөгөөд ачаа тээврийн салбарт ч эерэг өөрчлөлт гарчээ. Хятадад удаан хугацаанд үргэлжилсэн хатуу хөл хорионы улмаас хоёр талын ачаа тээвэр гацсан бөгөөд энэ оны тавдугаар сарын байдлаар ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3218 галт тэрэгт хүрч, долоон хувиар буурчээ.Казахстан БНХАУ-ын ГХЯ-тай хамтран чингэлэг тээврийн терминалыг цаг тухайд нь байгуулснаар хоёр орны төмөр замын шалган нэвтрүүлэх боомтуудад үүссэн асуудлыг шийдвэрлэсэн.Үүний үр дүнд Хятадаас Казахстаны 7000 орчим чингэлгийг татан авчээ. Харин одоогийн байдлаар өдөрт дунджаар 12-14 галт тэрэг хилээр гарч байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд заасан шаардлагатай нийцэж байна.

Хятад-Казахтсаны худалдааны эргэлтийн тухайд Казахстаны Сангийн яамны улсын орлогын хорооны мэдээлснээр, энэ оны нэгээс тавдугаар сард хоёр талын худалдааны хэмжээ 8.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Казахстаны экспортын хэмжээ 31 хувиар өсч, 5.1 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт нь 3.7 тэрбум ам.доллар болж, 20 хувиар өссөн тоон мэдээлэл байна. Харин Хятадын гаалийн мэдээлснээр, дээрх хугацаанд Казахстан, Хятадын худалдааны эргэлт 11.5 тэрбум ам.долларт хүрч, үүнээс Казахстаны экспорт 6.4 тэрбум ам.доллар, Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 5.1 тэрбум ам.доллар болжээ.

Аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухайд оны эхний хагаст ган хоолой үйлдвэрлэх, байгалийн чулуу боловсруулах нийт 120 сая ам.долларын өртөг бүхий хоёр төслийг эхлүүлсэн. 156 МВт хүчин чадалтай нийт 426 сая ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн логистикийн бааз, салхин цахилгаан станц ашиглалтад орлоо.

Мөн Хятад руу экспортлох барааны нэр төрлийг нэмэгдүүлэх ажлууд хийж байна.Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын эцсийн байдлаар Казахстаны хөдөө аж ахуйн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарах боломжтой болсон. Энэ хүрээнд Казахстаны 1046 ААН тус улсын зах зээлд гарах албан ёсны зөвшөөрлөө авчээ. Казахстан, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа газрын тос олборлох, экспортлох, цөмийн эрчим хүч зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байна.Одоогийн байдлаар Казахстанд Хятадын ААН-ийн оролцоотойгоор нийт 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай аж үйлдвэрийн эрчим хүчний төсөл, 772 сая ам.долларын хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байна. Мөн Алматы-Чэнду-Алматы (долоо хоногт хоёр удаа), Алматы-Өрөмч-Алматы (долоо хоногт нэг удаа) чиглэлд үйлдэх нислэгийг сэргээх тохиролцоонд хүрчээ.

Ши Жиньпиний айлчлалын үеэр соёлын төвүүдийг харилцан нээх асуудлаар холбогдох албаны хүмүүс хамтын ажиллагааны санамж бичиг, хэлэлцээнд гарын үсэг зурна хэмээн хүлээж байна.Торайгыровын нэрэмжит Павлодар хотын Техникийн их сургуулийн дэргэд БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн салбарыг нээх асуудлыг ярилцаж байна.Түүнчлэн энэ оны тавдугаар сард БНХАУ-ын ГХЯ-наас “Хятадын дэлхийн хэмжээний их, дээд сургуульд нэгдүгээр зэрэглэлийн мэргэжлээр” суралцаж буй казах оюутнуудыг Хятадад танхимаар суралцах зөвшөөрлийг өгчээ. Энэ хүрээнд оюутнуудыг хилээр нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүний солилцоо, бизнесийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор БНХАУ-ын зарим ангиллын виз олгох ажлыг сэргээв.

Энэ хичээлийн жилд Нанжины багшийн их сургууль Л.Н.Гумилёвын нэрэмжит Евразийн үндэсний их сургуультай хамтран давхар диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Казахстанчууд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, хятад хэлний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэв.

Ийн Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын өнөөгийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарыг хамарч эрчимтэй хөгжиж байна.Хоёр улсын харилцан ашигтай,бүх талын хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацааны туршид хөгжсөөр байх болно гэдгийг хоёр хөршийн удирдагчид удаа дараа онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE