Номун хан Д.Чойжамц VIII.6,7-ны “Даншиг наадам Хүрээ цам-2022”-ын бөхчүүдэд Даншгийн цол олгоно

Үндсэн хуульд “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан. Энэ есдүгээр зүйлийн 1-ийн хүрээнд

  1. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын Тамгын газар,
  2. Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар,
  3. Д.Чойжамц хамбын тэргүүлдэг Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн

хийд хамтран шашин соёлын “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг VIII.6-7-нд Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог Хүй долоон худагт зохион байгуулан хийх тов гарчээ.

Учир мэдэх хүмүүсийн яриагаар бол манайд XVII зуунаас XX зууны эхэн үе, VIII Богдыг нас барах 1923 оны хооронд хийж байсан Даншиг/шүг/ буюу Бат-Оршил өргөх шашны арга хэмжээ нь шашин төрийн лидер болсон амьд хүмүүнд зориулагддаг хатуу дэг жаягтай ажээ. Удаа дараагийн Богд нарыг амьд сэрүүн байхад нь лам нар нэг дор цугларан хувь хүнд нь зориулж жил тутам “Бат-Оршил” гэсэн оноосон нэрийн дор түүнийг урт насалж энх тунх байх болтугай хэмээн олон тооны ном гүрэм уншиж, хэдий их урт наславаас олон ард иргэдэд тусалж байх хугацаа нь төдий чинээ үргэлжилнэ гэсэн утга учиртай үйл ажиллагаа өрнүүлдэг байжээ.

Эдүгээчлэн ойлговол, Шарын шашинтай нийслэлийнхэн Цагаан сарын дараа зурхайч Л.Тэрбишийн Цаг тооны бичиг харж байгаад жилийн засал номыг сонгон авч Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд захиалан уншуулдагтай төстэй үйл явдал. Ялгаатай нь эрт дээр цагт Шашны сүм хийд төсвөөсөө хөрөнгө мөнгө гаргаж Богд нарт зориулж жилийн заслын ном уншиж “Бат-Оршил” өргөдөг байсан бол, одоо хүмүүс өөрсдөө мөнгө гаргаж өөрсдөдөө зориулан сүм хийдийн лам нараар “Бат-Оршил” өргүүлдэг болсон. Эрт цагийнх ч, одоо цагийн энэхүү “Бат-Оршил” өргөх нь сэтгэлгээ талаасаа “эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн эртний Грекийн олимпын уриатай үзэл санаа давхацдагаараа онцлог.

Бат-Оршил буюу Даншиг өргөхтэй уялдан монгол хэлэнд “Даншиг наадам” гэсэн нэр томьёо орж ирсэн байдаг. Богд болон тодруулсан хутагт хувилгаадад зориулан Даншиг өргөж заслын ном уншсаны дараа энэ шашны үйл ажиллагаанд зориулан морь уралдаж, сур харваж, бөх барилдуулдаг үндэсний спортын тэмцээнийг нэрлэсэн үг. Эхний үед Даншигт зориулсан гэдэг нь хэнд ч ойлгогдохоор “Даншгийн наадам” гэж нэрлэгдэж байсан ч яваандаа ярианы хэлэнд “Даншиг наадам” гэж өөрчлөгджээ.

Даншиг өргөх, түүнд зориулсан эрийн гурван наадам хийх үйл ажиллагаа  VIII Богдыг 1924 оны хавар тавдугаар сард нас барснаас үүдэн зогссон. Харин Номун хан Д.Чойжамц хамба тэргүүтэй Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нарын санал санаачилгаар 2015 онд Даншиг өргөх болон түүнд зориулсан Даншиг наадмыг 91 жилийн дараа дахин сэргээж явуулсан. Энэ сэргээсэн анхны Даншгийг зохион байгуулахад тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан МУ-ын баатар Э.Бат-Үүл санаачилгатай ажиллаж УБ хотын засаг захиргааг хамтрагч ивээн тэтгэгчээр татан оролцуулсан.

Шашин соёл, баяр наадмын “Даншиг наадам – Хүрээ цам”

2015 онд Хүй долоон худагт

2016 онд Хүй долоон худагт

2017 онд Хүй долоон худагт

2018 онд Хүй долоон худагт

2019 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон.

2020 онд Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд болсон. Хөл хорионоос үүдэж олон нийтийг хамарсан бөх барилдах, морь уралдах, сурын харваа болон соёлын бусад арга хэмжээг зохион байгуулаагүй.

2021 онд өнжсөн. Харин энэ удаагийн 2022 оны “Даншиг наадам – Хүрээ цам”-д 256 бөх барилдаж, Даага, Их нас, Жороо морь уралдуулах юм байна. Лам нарын дунд

  1. Ном хаялцах, мэтгэлцэх
  2. Балин тосон урлалын тэмцээн болно

Мөн Соёмбот туг залах, Цам харайх, Маани татах, Шашны сүлд дуулал эгшигшүүлэх бөгөөд түүнчлэн Шашин соёлын үзэсгэлэн худалдаагаар олон нийтэд үйлчлэх ажээ.

Үндэсний их баяр наадмын /ҮИБН/ тухай хуульд зааснаар баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдэд Улсын цолыг МУ-ын Ерөнхийлөгч, Аймгийн цолыг аймгийн Засаг дарга, Сумын цолыг сумын Засаг дарга олгох эрх үүрэгтэй.

Харин 2015 оны “Даншиг наадам-Хүрээ цам”-аас эхлэн Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Номун хан Д.Чойжамцын шийдвэрээр тус баяр наадамд зодоглосон 256 хүчтэнээс түрүүлсэн бөхөд Даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн заан, 6 давсан бөхөд Даншгийн чимэгтэй начин, 5 давсан бөхөд Даншгийн начин цолыг тус тус олгож Үнэмлэх, тэмдгийг гардуулдаг уламжлал тогтжээ. Тус  наадмын барилдаанд бөхчүүдийг улс, аймаг, сумын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдуулдаг. Даншгийн цол нь улс, аймаг, сумын наадамд хүчингүй. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын 256 бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүү үзүүрт хүрч цол хүртсэн бөхчүүд

Даншгийн аварга Р.Пүрэвдагва – 2015, 2016, 2017, 2018 оны түрүү (Улсын арслан)

Даншгийн арслан Ч.Батчулуун/Хөхчирэнгэр/ – 2019 оны түрүү (Улсын начин)

Даншгийн заан Ч.Гончигдамба – 2015 оны үзүүр (Улсын гарьд)

Даншгийн заан Б.Түмэндэмбэрэл – 2016 оны үзүүр (Улсын начин)

Даншгийн заан Б.Соронзонболд – 2017 оны үзүүр (Улсын заан)

Даншгийн заан О.Хангай – 2018 оны үзүүр (Улсын аварга)

Даншгийн заан Н.Золбоо – 2019 оны үзүүр (Улсын харцага) нар.

 

 

 

 

SHARE