Криштиано Роналдо өчигдөр Английн “Манчестер Юнайтед”-ын бэлтгэлийн баазад очиж, клубын удирдлага болон дасгалжуулагч Эрик Тэн Хагтай уулзлаа. Энэ уулзалтад домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон болон цагтаа “Юнайтед”-ыг удирдлагад ажиллаж байсан Дэвид Гилл ч оролцжээ.
Уулзалтын явцад Роналдо өөр багт очихыг хүсч буйгаа илэрхийлсэн бол Эрик Тэн Хаг түүнийг багтаа үлдээхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. Клубын удирдлага ч Роналдог зарах бодолгүй гэдгээ дуулгажээ.
Гэхдээ хамгийн гол асуудал нь Роналдогийн агент Жорже Мендеш нь хэд хэдэн багт санал болгосон ч асар өндөр цалингаас нь шалтгаалан авах баг одоогоор гарч ирсэнгүй. Сүүлийн үед Испанийн “Атлетико Мадрид” түүнийг авахаар сонирхож буй тухай яриа гарсан. Тэгвэл энэ талаар Мадридын клубын ерөнхийлөгч Энрике Сересо байр сууриа товчхон илэрхийлжээ.
“Хэн ийм түүх зохиож яриад байгааг мэдэхгүй юм. Роналдогийн хувьд “Атлетико”-д ирнэ гэдэг бараг боломжгүй зүйл шүү дээ” хэмээн Энрике Сересо өгүүлсэн байна.
Сүүлийн үед Роналдог ирж магадгүй гэх сургаар “Атлетико Мадрид”-ын фанатууд уур хилэнд автаж, клубын удирдлагад дургүйцлээ илэрхийлж эхлээд байгаа юм. Роналдо “Атлетико Мадрид”-ын эсрэг 25 гоол оруулж байсны зэрэгцээ хэд хэдэн удаа энэ клубын фанатуудтай таагүй харилцсан тул фанатууд энэ наймааг эрс эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлж байна.
Р.Гэгээ