IT-д цахиур хагалах охид

НҮБ-ын цахим хуудаст “Охидод код хэрхэн бичихийг зааж өгвөл тэд дэлхийг өөрчилнө” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Тэртээх 1833 онд одоогийн код бичих эхлэлийг Английн залуу математикч бүсгүй Ада Лоулэйс тавьсан гэдэг. Түүнээс хойш мэдээллийн технологийн салбарын хөгжлийн эхэн үед нягт нямбай эмэгтэйчүүд код бичих ажилд илүүтэй оролцож байжээ. Харин одоо цаг өөр болсон.

1995 онд компьютерийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн 37 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 24 хувь болтлоо буурчээ. Мэдээллийн технологийн салбар дахь хүйсийн харьцаа Монголд ч тэнцвэртэй байж ирээгүй. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас  мэдээллийн технологийн салбарын 151 байгууллагын удирдлага, инженер техникийн 286 ажилтныг оролцуулж хийсэн хүний нөөцийн судалгаанаас үзэхэд хүйсийн харьцаа даруй хоёр дахин зөрүүтэй байна. Тодруулбал, энэ салбарт ажиллагсдын 64 хувийг эрэгтэй, 36 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм.

Шинээр төгсөж байгаа оюутны статистик мэдээллээс харахад энэхүү хүйсийн ялгаа тэлнэ үү гэхээс хумигдахааргүй байна. Тухайлбал, 2020-2021 оны хичээлийн жилд 31 мянга гаруй оюутан төгссөнөөс 887 нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийнх байх жишээтэй. Тэдний 72.2 хувь нь эрэгтэй, 27.8 хувь нь эмэгтэй байна.

Хэрэв бид юу ч хийхгүй гар хумхин суувал мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүд “үл үзэгдэх” хэмжээнд хүрч мэдэх нь.  Тиймээс дэлхий даяар IT салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг халах зорилгоор охид, эмэгтэйчүүдэд код бичихийг заах сургалт, үйл ажиллагаанууд эрчимжсээр. Монгол Улс ч энэ давалгаанаас хоцорсонгүй.

“Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох нь зайлшгүй байх ёстой чадварын нэгд тооцогдох болсон. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендэрийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Иймээс тус салбарт жендэрийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхжуулах зорилгын хүрээнд “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилсан” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ярьж байв. Түүнийг “Forbes” сэтгүүл “Азийн 30 хүртэлх 30”, “Time” сэтгүүл “Дараагийн үеийн манлайлагч”, саяхан PMI институт “Ирээдүйн 50” жагсаалтдаа багтаасан юм.

Код бичих охидын хөтөлбөрийг өнгөрсөн жил анх хэрэгжүүлэхдээ 21 аймаг, есөн дүүргийн 30 охиныг хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан охидын долоо нь  дэлхийн томоохон их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа бол бусад нь ЕБС-ийнхаа веб сайтыг бүтээх, сургууль дээрээ код бичих клуб байгуулахаар мэдлэг чадвараа хуваалцаж эхэлсэн байна.

С.Ганди

Тухайлбал, Код бичих охидын хөтөлбөрийн 2021 оны төгсөгч, Орхон аймгийн С.Ганди АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд дата шинжлэх ухааны чиглэлээр тэтгэлэгтэй суралцахаар болжээ. “Анх код бичих талаар мэдлэг, ойлголт маш бага, жаахан итгэл муутайхан хөтөлбөртөө хамрагдаж байсан. Харин багш нараар хичээлээ заалгаад эхэлсэн чинь чадах юм шиг зориг төрж, компаниудаар аялсны дараа энэ мэргэжлийн үнэ цэнийг ойлгосон. Тэгээд л заавал технологийн мэргэжлээр сурах ёстой юм гэсэн хүсэл төрсөн” хэмээн С.Ганди ярив. Төгсөөд, туршлага хуримтлуулж ирмэгцээ Монгол Улсынхаа мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа тэрбээр “Мэргэжлээ сонгож, их сургуульдаа тэнцэхэд код бичих хөтөлбөр хамгийн том түлхэц болсон” хэмээн тэмдэглэлээ.

Тэгвэл энэ жилийн хөтөлбөрт 1500 хүүхэд бүртгүүлснээс 50-ийг шалгаруулж авсан нь охидын дунд сургалтын эрэлт хэрэгцээ их байгааг харуулна. “1500 хүүхэд анкет өгснөөс 50 хүүхэд нь тэнцээд байгаа учраас маш том ирээдүй байгаа гэж харж байна. Суралцах явцад олон чадвар эзэмшихээс гадна найз нөхөдтэй болсон. Бидэнд вэб сайт хийж сурах эхлэлийг тавьж өгсөн. Мөн МУИС-ийн багш нараар хичээл заалгаж,  Энэтхэг багшаас англи хэл сурч, IELTS-д бэлдэж байгаа. Энэ бол том давуу тал” хэмээн энэ жилийн хөтөлбөрт оролцогч Б.Энхзул бидэнд ярилаа. Тэрбээр цар тахлын үеийг ашиглаж сургууль дээрээ англи хэлээр сонин гаргаж эхэлсэн аж. Одоо код бичиж сураад сониндоо вэб сайт хийхээр зорьж буйгаа хэлсэн. Б.Энхзул Мөрөн хотоос ирж зуны турш код бичих хөтөлбөртөө хамрагдаж байгаа талаар ярихдаа “Өмнө нь код бичих талаар ямар ч мэдлэг мэдээлэл байгаагүй. Цар тахлын хөл хорионы үед техник технологи чухал гэдгийг ойлгож сонирхож эхэлсэн. Мөн мэдээллийн технологи зөвхөн эрэгтэй хүүхэд биш хүн бүрийн эзэмших ёстой чадварын нэг болсон учраас код бичих охидын хөтөлбөрт өмнөх жил  хүсэлтээ явуулсан боловч тэнцээгүй. Харин энэ жил дахин бүртгүүлж тэнцсэндээ баяртай байна” гэлээ.

Б.Энхзул

Хөтөлбөр тусгай шалгууртай. Алслагдсан аймаг,  сум, дүүрэг хороонд амьдардаг, онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, ачаалал даах чадвартай. Мөн зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулахаас гадна цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх ёстой аж. Хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн охид хоёр дахь шатны сонгон шалгаруулалт буюу англи хэл, математикийн онлайн шалгалт өгч ярилцлагад орсноор хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Ийнхүү олон нийтийн хандлага, хэвшмэл ойлголтыг халж, IT-д цахиур хагалах охидын төлөөллийг “бойжуулж” буй хөтөлбөр амжилттай үргэлжилж, жил бүр хэрэгжихээр байна. Харин код бичиж эхлээд сонирхолдоо хөтлөгдөж, илүү том зорилго мөрөөдөлтэй болсон  олон охид, залууст урам өгөх үүднээс  мэдээллийн технологийн ирээдүй, ач холбогдлын талаар  “Zeroday LLC” мэдээллийн аюулгүй байдлын компанийн гүйцэтгэх захирал Э.Билгүүн-Эрдэнэ “Сошиал хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын ирээдүйн төсөөллийг харвал боловсролын системдээ анхаарах цаг үе ирсэн. Өсвөр насныхныг эрсдэлээс сэргийлэхийн тулд орчин үеийн шаардлагад нийцсэн мэдлэг, ойлголтыг багаас нь чанартай өгөх шаардлага тулгарч байна. Мөн эдийн засгийн ирээдүйн боломжийг харвал мэдээллийн технологийн мэргэжил хамгийн эрэлттэй, үнэ цэнтэй байх юм. Тиймээс иргэдийн боловсролд анхаарахаас гадна  ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд энэ салбараас төрнө гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж байлаа.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE