Садио Манэ “Үхсэн ч гомдолгүй” гэж бичиж өгье гэжээ

Өнгөрсөн өвөл Африкийн АШТ болсон. Камерунд болсон энэхүү тэмцээний шөвгийн 16-д Сенегалын шигшээг Садио Манэ ахлан талбайд гарч, Кабо Вердег 2:0-ээр хожсон билээ.

Гэвч энэ тоглолтын үеэр багийн ахлагч, энэ тэмцээний гол од Садио Манэ өрсөлдөгч багийнхаа хаалгачтай мөргөлдөж, тархиндаа гэмтэл авсан юм. Английн “Ливерпүүл” гол тоглогчдынхоо нэгийг гэмтэл авсныг дуулмагцаа тав хоног амраахыг Сенегалын Хөлбөмбөгийн Холбооноос шаарджээ. Сенегалын Хөлбөмбөгийн Холбоо “Ливерпүүл”-ийн шаардлагын тухай хөлбөмбөгчид өөрт нь дуулгаад, шөвгийн наймд Экваторын Гвинейгийн эсрэг тоглуулах боломжгүй гэж хэлсэн байна.

Гэтэл Садио Манэ “Ливерпүүл”-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй, заавал шигшээдээ тусална, талбайд гарна гэжээ. Ингээд тэрбээр албан ёсоор бичиг хийж өгөөд гарын үсгээ зурахад бэлэн гэдгээ хэлсэн байна. Тэрхүү бичигт үхсэн ч гомдолгүй гэж бичье гэжээ.

Манэ шигшээ багийн дасгалжуулагч болон эмчтэй уулзаж, дараагийн тоглолтод гарахыг хүсч буйгаа хэлсэн байна. Гэлээ ч зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь Сенегалын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчтэй өөрөө биечлэн уулзаж, “Африкийн АШТ-д үргэлжлүүлэн тоглохын төлөө би үхэхэд ч бэлэн байна” хэмээн өгүүлжээ.

Ингээд сайтар ярилцаж, тоглолт болох өдөр Манэгийн биеийн байдал ямар байхаас шалтгаалан шийдэхээр тохирчээ. Тоглолтын өглөө Манэгийн биеийн байдал хэвийн, сайн байсан учир тоглолтод гаргахаар болсон байна. Ингээд Экваторын Гвинейн эсрэг бүтэн 90 минут тоглохдоо гоолын дамжуулалт өгч, чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Манэ өөрөө амиа дээсэн дөрөөн дээр тавихаас буцаагүйн зэрэгцээ тэрхүү тоглолтод гараагүй бол Сенегалын шигшээгийн энэ тэмцээний амжилт ч үгүй болж болох байлаа. Өөрөөр хэлбэл, шигшээ багтаа амин чухал тоглогч нь байсан юм. Ингээд дүндээ Сенегалын шигшээ Африкийн АШТ-д анх удаагаа түрүүлж, Садио Манэ тэмцээний Шилдэг тоглогчоор нэрлэгдсэн билээ.

Садио Манэ энэ зун бууриа сэлгэж, Английн “Ливерпүүл”-ээс явж, Германы “Байерн Мюнхен”-ий тоглогчийн хувиар шинэ улирлын бэлтгэлдээ гараад байна.

Р.Гэгээ

SHARE