Криштиано Роналдо Аваргуудын лигт оролцох алдартай, амжилттай багт очихоор санал хүлээсэн хэвээр байна. Хэдийгээр түүний “Манчестер Юнайтед”-тай байгуулсан гэрээ дахиад нэг жилийн хүчинтэй ч гэлээ хөлбөмбөгч өөр багаас зохих санал ирснээр явах боломжтой гэж тооцож байгаа бололтой.
Түүнийг авах санхүүгийн чадалтай багуудын нэг нь Английн “Челси”. Гэвч Лондоны клуб Роналдогоос татгалзсан сурагтай. Баттай гэх эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн хэвлэлүүд бичихдээ “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Томас Тухель 37 настай довтлогч Криштиано Роналдог авах эсэх талаар бодолхийлжээ.
Ингээд түүнтэй хамт нэг улирлын турш “Манчестер Юнайтед”-д ажилласан Ральф Рангникаас зөвлөгөө авахаар болсон гэнэ. Харин Рангник Роналдогийн тухай гомдол мэдүүлж, багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг гэж хэлсэн учир Тухель бодлоосоо буцжээ. Тухель элэг нэгт мэргэжилтэн Ральф Рангникийг маш их үнэлдэг, үгийг нь сонсдог учир шийдвэр гаргахад гол хүчин зүйл болсон аж.
Ингээд Тухель “Манчестер Сити”-гээс Рахим Стерлингийг авах нь илүү ончтой наймаа хэмээн үзсэн байна.
Р.Гэгээ