С.Зулпхар: Хөдөлмөр эрхлэлт бол нийгмийн хамгааллын гол арга хэрэгсэл

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2020 оны хаврын нэгдсэн чуулганаараа баталсан. Тус бодлогын баримт бичигт орсон “Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн дунд хугацааны хөтөлбөрийн талаар Ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхартай ярилцлаа.


-“Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн Ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго, хүрэхийг зорьж байгаа үр дүн юу вэ?

-Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг төр, төрийн байгууллага, иргэд, судлаач, мэргэжлийн байгууллагууд оролцон бүх нийтээрээ батлаад хэрэгжүүлээд явж байна. Манай бүх хөгжлийн бодлогын баримт бичгийн суурь нь энэ дээр тулгуурлаж байгаа. Энэ баримт бичиг 30 жилийн хугацаатай байхаас гадна Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар бид дунд хугацааны бодлогын хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлэхээр зохицуулсан. Нийт 30 жилийн цогц хөтөлбөрөө 10, 10 жилээр нь авчихсан байсныгаа дахин нарийвчилж, 10 жилийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажлыг ноднин жилийн долоодугаар сард Ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Энэ хугацаанд хэлэлцүүлэг явуулаад хөгжлийн зорилтот хөтөлбөрөө долоон хэсэг болгосны нэг нь “Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр” гэсэн нэршилтэй юм.  Мөн дотроо стратегийн зорилго, зорилт, үйл ажиллагаатай байхаар нэгдсэн ойлголтод хүрсэн.

-Энэ хөтөлбөрөө хэрхэн боловсруулсан бэ?

-Бодлогын баримт бичгийг гурван янзын аргаар боловсруулдаг. Төрийн болон мэргэжлийн захиргааны байгууллага шууд боловсруулж батлуулаад түүнийгээ хэрэгжүүлдэг хэлбэрийг бодлого боловсруулах дээрээс доошоо чиглэсэн арга гэдэг. Нөгөө нь доороос дээш чиглэсэн буюу тухайн бодлого хэрэгжих хамаарал бүхий талуудаас саналыг нь асууж нэгтгээд бодлого болгодог. Харин бид энэ удаад холимог байдлаар явуулсан. Мэргэжлийн байгууллагууд, зөвлөхүүд, судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд оролцсон учраас холимог арга гэж хэлээд байгаа юм. Долоон зорилтод хөтөлбөрийг ингэж боловсруулсан. Манай “Алсын хараа-2050” бол хүний хөгжил рүү чиглэсэн, хүний хөгжлийн үзэл баримтлал дээр суурилсан. Энэ бол чухал. “Нийгмийн хөгжлийн зорилтот” хөтөлбөрийн маань шалгуур үзүүлэлтүүд нь маш тодорхой, хүрэх зорилт, хариуцах эзэн гээд бүгдийг нь тодорхой гаргаж өгсөн.

-“Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийг зургаан хэсэгт хуваасан байна билээ. Үүний эхэнд “Хүн амын өсөлт, бүтэц” гэж оруулсан байна. Яг үүн дээр юу, юу хамруулах вэ. Бүтэц гэдэгт юу орох юм бэ?

-Хүн амын өсөлт бол манай хөгжлийн гол үндсэн, анхаарах ёстой асуудал болчихоод байгаа юм. Өмнө нь тийм байсан, цаашдаа ч тийм л байх зүйл. Хүн амын тоо гурван үндсэн нөхцөл байдлаас хамааран өсөж, буурч байдаг. Өөрөөр хэлбэл хүн амын өсөлт хурдтай, эсхүл саарсан үзүүлэлт гардаг. Эдгээрт төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн гэсэн үзүүлэлтүүд хамаардаг. Манай хүн амын өсөлт 1990-ээд оны дунд үе хүртэл харьцангуй тогтвортой явж ирсэн. Хүн амын өсөлт өндөртэй орны тоонд орж байсан. Үүний дараагаас жаахан саарсан. Манайх шиг хүн ам цөөн улс хүн амынхаа өсөлтийг тогтвортой барьж байх зоримлтыг байнга барьж байх ёстой.

Тийм учраас бид хүн амын тогтвортой өсөлттэй холбоотойгоор насны бүтэц буюу насны суваргыг ярьж байгаа юм. Насны суваргыг аль болох зохистой байлгах талаас нь бодлого барьж байх ёстой. Түүн дотор хөдөлмөрийн насныхны хэмжээ, цаашдын хөдөлмөрийн насынхан, ахмадууд, хүүхдүүдийн тоо явж байдаг. Хүн ам дотор чинь хүүхдийн тооноосоос хамаараад боловсролын салбарынхаа бодлогыг тодорхойлно. Хэчнээн хүүхэд сургах вэ, хэдэн сургууль хэрэгтэй, сургууль, цэцэрлэг нь хаана байх гэдгийг тодорхойлно. Хаана байхыг нь хүн амын шилжилт хөдөлгөөн тодорхойлдог. Хоёрдугаарт, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоотойгоо уялдуулан эдийн засгийн болон бүтээн байгуулалтын бодлогоо тодорхойлж өгнө.

Бид томоохон бүтээн байгуулалт явуулахад хөдөлмөрийн насны хүн хэд байна, тэднийг хэрхэн бэлдэх вэ гээд явна. Эрүүл мэндийн тогтолцоо, бодлого, үйлчилгээ ч үүнтэй холбогдоно. Хэрвээ ахмадуудын тоо нэмэгдэж байвал тэдэнд зориулсан эрүүл урт удаан наслуулах бодлого, үйлчилгээг гаргах хэрэгтэй болно. Нөгөө талаасаа ахмадуудын хөдөлмөр эрхлэлт ч гэсэн яригдана. Энэ бүхнээс аваад үзвэл хүн амын тогтвортой өсөлт, бүтэц нь нийгмийн хөгжлийн бусад хөтөлбөрүүдийг тодорхойлох шинжтэй гэж үзэж байгаа.

-Хүн амын өсөлтийг дагаж зайлшгүй яригдах зүйл бол гэр бүл тогтвортой байдал, хүүхдийг элэг бүтэн, эрүүл саруул орчинд өсгөх явдал байж таарна. Энэ хөтөлбөртөө “Гэр бүлийн хөгжил” гэж оруулсан нь үүнтэй холбоотой юу?

-Яг л энэ асуудалтай холбоотой. Нөгөө талаараа бүхий л зүйлтэй холбогдоно. Гэр бүлийг нийгмийн суурь анхдагч бүлэг гэж дэлхий дахинд үздэг. Гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийг дэмжсэн бодлогууд нь нийгмийн тогтвортой байдлын үндэс гэж үзэж байгаа. Гэр бүлээр дамжиж нийгмийн гишүүдийг боловсрол, мэдлэг чадвар, үнэт зүйлтэй болгох ажил хийгддэг. Ер нь манай үндэсний дархлааг цаашид авч явах нэг гол зүйл нь гэр бүл гэж ойлгож байна. Хоёрдугаарт, гэр бүлийн харилцаан дахь үнэт зүйл бол эхнэр, нөхрийн үүрэг, хариуцлагын асуудлыг давхар ярьж байгаа юм. Зарим төрийн үйлчилгээг шинэ байгууллага байгуулж, төрийн албан хаагч нэмэхгүйгээр гэр бүлд байгаа давуу талаар авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Тухайлбал, насжилт нэмэгдэхийн хэрээр ахмадуудаа барууны орнууд шиг асрамжийн газарт өгөх зохион байгуулалт нь өөрөө өртөг өндөртэй. Мөн энэ арга нь тийм ч үр дүнтэй биш байдаг. Тиймээс ийм зүйлийг бий болгохгүйн тулд манай гэр бүл чухал. Манай соёл ч тийм юм. Мөн гэр бүл тогтвортой байхын тулд орлогын эх үүсвэр, амьдрах таатай орчин нөхцөлтэй байх ёстой. Тиймээс төр засгаас гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг нь хэрхэн дэмжих, амьдрах орчныг нь сайжруулах чиглэлд хийх бодлогууд нь байгаа учраас манай нийгмийн хөгжлийн гол үндсэн шалгуур, ирээдүйн зорилтыг хангах арга хэрэгслүүдийн нэг.

-Аз жаргалтай гэр бүл байхын нэг үндэс нь үнэхээр гэр бүлийн орлого, ажлын байр. Тиймээс ажлын байрыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд дунд хугацаандаа ямар ажлуудыг хийх вэ?

-Үнэхээр чухал асуулт байна. Хөдөлмөр эрхлэлт бол нэг талаар нийгмийн хамгааллын гол арга хэрэгсэл юм. Энд хоёр зүйлийг онцгойлон ярих хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогууд өрх рүү, хувь хүн рүү гэсэн байдлаар явж байгаа. Ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, тухайн ажлын байранд очих хүмүүсийг сургаж хөгжүүлэхээр зорилт болгон оруулсан. Тухайлсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд явагдана. Манай яаман дээр одоо явж байгаа долоон том хөтөлбөр дотор 32 арга хэмжээ бий. Тэдгээрийн ихэнх нь хувь хүн, гэр бүл рүү чиглэж байгаа. цаашдаа ч эдгээрийг улам өргөтгөж явуулна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хэмжээний хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирснийг үргэлжлүүлнэ.

Гэр бүлийн нэг нь ажилгүй болсон тохиолдолд тухайн хүний насан туршийнх нь боловсролоор дамжуулан түр хугацааны сургалтад хамруулан дараагийн ажлын байранд шилжүүлэх арга хэрэгслийг одоо ч хэрэгжүүлж байна. Та хэдийгээр их сургууль төгссөн ч гэсэн хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн тань ажил олдохгүй, харин нөгөө талд нь хүнд машин механикмын оператор гэсэн ажил гарчихсан байлаа гэхэд богино хугацааны сургалтаар сургаад тухайн ажилд нь оруулж өгөх боломжтой. Энэ бол байж болдог хамгийн сайн аргуудын нэг. Мөн үүнтэй холбоотойгоор тухайн хүний ур чадваруудыг үнэлнэ. Гаднын аль нэг оронд гагнуурчин хийж байсан хэн нэгэн байж болно.

Гэхдээ мэргэжлийн үнэмлэх, албан ёсны бичиг баримт байхгүй. Тэгвэл тухайн хүнийг хэр зэргийн гагнуурчин бэ гэдгийг үнэлээд тохирсон баримт бичгийг нь өгөх юм. Манай хөдөлмөрийн зах зээл шинээр ажлын байруудыг бий болгож байгаа ч зарим нэгийг нь байхгүй болж байгаа. Жишээлбэл, өнөөдөр банкны теллер маш цөөрч, цахим хэлбэрт шилжиж байна. Гэтэл нөгөө талдаа бидэнд маш их хэмжээний мэдээлэл технологийн мэргэжилтэн, ажилтнууд хэрэгтэй болж байна. Үүнээс гадна том бүтээн байгуулалтыг дагасан ажлын байрууд бий болсон. одоогийн байдлаар барилга, уул уурхай, аж үйлдвэр зэрэг салбаруудад ажиллах хүчин хомсдолтой байсаар байна. Тийм болохоор эдгээр эрэлттэй байгаа ажлын байруудад хүмүүсээ нийцүүлэхийн тулд богино болон дунд хугацаанд бэлддэг, сургадаг зохицуулалтуудыг чухалчилсан. Монгол хүн өнөөдөр ажилгүй байх боломжгүй, хангалттай ажлын байр байна. Харин үүнд нь тохирсон удирдлагыг зөв хийнэ гэсэн үг.

-Онолд суурилсан мэргэжил эзэмшүүлж байснаа практикт суурилсан мэргэжил, боловсрол олгох чиглэлд шилжиж байгаа юм байна. Гарын ур дүйтэй сийлбэрчин, мужаан байлаа гэхэд түүнийг нь үнэлээд зэргийн үнэмлэх өгөх боломжтой гэсэн үг үү?

-Яг үнэн. Гэхдээ энэ бол бидний хэрэгжүүлж байгаа арга хэрэгслүүдийн зөвхөн нэг нь юм. Үндэсний хэмжээний боловсролын тогтолцоогоор хийгдэж байгаа ажлуудыг сайжруулна. Дээд боловсролын хөтөлбөрүүдийг хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдуулан сайжруулах ёстой юм. баруун Европын орнууд бакалаврын боловсролоо гурван жил болгож байна. Заавал дөрвөн жил сургах ёстой юу гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дөрвөн жил сургадаг гэж ойлгодог байсан маань одоо тийм биш болчихлоо. Богино хугацааны сургалт, МСҮТ-үүдээр сургаад ажлын байранд нийлүүлж болно.

Харин таны хэлсэн шиг тухайн хүний өөрөө сурсан ур чадваруудыг үнэлээд ажлын байранд нийлүүлж болно гээд байгаа юм. Үүнийг зөвхөн төрийн байгууллага хийхээс илүүтэй Мэргэжлийн зөвлөлөөр дамжуулан хийх боломжтой. Одоо манайд 30 Мэргэжлийн зөвлөл ажиллаж байна. Цаашдаа төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын түншлэлд суурилсан байдлаар хүмүүсийг ур чадвартай болгох, ур чад­варыг нь үнэлнэ. Энэ бол хамгийн сайн арга.

Мөн зохистой хөдөлмөр эрхлэлт гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэх гэдэг нь олдсон ажлыг нь хийгээд ямар ч нөхцөл байсан ажиллаад байхын нэр биш. Ажил хийлгэж байгаа тал ч гэсэн хариуцлага хүлээж, хөдөлмөрийн нөхцлийг таатай, зохистой, аюулгүй байлгана гэсэн үг. Ажлын цаг, тохирсон хөлсөө аваад явах ёстой. Тухайн хүн зохистой хөдөлмөр эрхэлснээр урт хугацаанд эрүүл, нийгмийн идэвхтэй, баялаг бүтээдэг, гэр бүлийнхээ хөгжлийг хангаад явах боломжтой болно. Ингэж бүгдийнх нь уялдааг харж байгаад дундаас нь зохистой аргуудыг тэргүүлэх байдлаар тодорхойлдог байдал руу чиглүүлж байгаа.

-Нийгмийн хамгаалал гэдэг сэдэв бүхий л салбартай уялдах нь байна. Харамсалтай нь манай нийгмийн асуудал дагуулдаг зүйлсийн нэг нь салбар хоорондын уялдаа холбоо байдаг шүү дээ?

-Уялдаа холбоог хангахыг энэ зорилтот хөтөлбөрийг боловсруулахаас эхэлсэн. Бид ноднин жилийн наймдугаар сараас эхлэн боловсруулахдаа бүх салбарын оролцоотой ажлын дэд хэсэг байгуулсан. Салбар, салбарын асуудлыг уялдсан байдлаар дүн шинжилгээ хийгээд хэлэлцээд явж байгаа. Үүнээс гадна бид энэ удаад мэргэшсэн судлаачдыг оролцуулж зөвлөхөөр ажлуулсан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. Ингэснээр хэн ямар ажил хариуцах, ямар үр дүн гарах вэ гэдэг нь тодорхой болсон. Салбар дундын шинжтэй гэдэг бол гарцаа байхгүй.

Жишээлбэл, бид энэ хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орхиж болохгүй. Гэтэл энэ хүмүүсийн асуудал дан ганц нийгмйин халамжтай байх биш юм. хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаараад тухайн хүмүүс нийгмийн харилцаанд оролцох хүртээмжтэй орчин байна уу гэдгээс эхэлдэг. Тэргэнцэртэй иргэн гараад явахад зориулалтын гудамж, зам талбай хэрэгтэй. Үүн дээр нийслэл, Барилга хот байгуулалтын яам, орон нутаг гээд олон газар хариуцлага хүлээдэг. Ингэхээр хамтын ажиллагааг хүссэн хүсээгүй шаарддаг. Тэдний боловсрол, эрүүл мэнд гээд салбар дундын шинжгүй юм гэж байхгүй. Долоон ажлын хэсэг нийлээд салбар дундын шинжтэй зүйлс дээрээ санал солилцох, тохирох гээд ажлууд хийгдэж байна.

-Нийгмийн хамгаалал гээд ярихаар нийгмийн даатгалыг орхигдуулж болохгүй санагдаж байна. Энэхүү хөтөлбөрт нийгмийн даатгалтай холбоотой ямар зорилтууд байгаа вэ?

-Нийгмийн даатгалтай холбоотой шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Манай тогтолцоо өнгөрсөн хугацаанд боломжийн явж ирсэн. Гэхдээ өнөөдөр нийгмийн даатгалын тогтолцооны бэрхшээлүүдийн нэг бол цаашдаа хүн амын насжилт нэмэгдэхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сан эрсдэлд байгаа. Энэ эрсдлийг яаж арилгах, сангийн мөнгөн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлэх, тодорхой хуримтлалтай болоод тэтгэвэрт гарахдаа авах зэрэг шинэчлэл яригдаж байна. Гэхдээ бүрэн хуримтлал биш, хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих шилжилтийн шинэ реформыг энэ 10 жилийн хугацаанд хийнэ.

Цаашлаад Нийгмийн даатгалын сангийн удирдлага, зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгож байгаа. Сангийн мөнгөн хөрөнгө дан ганц тэтгэвэр биш тэтгэвэрт гарахаас өмнө эрсдлүүдийг бүрэн хариуцаж байгаа шүү гэсэн ойлголтыг өгч, үүнтэй уялдсан үйл ажиллагаанууд илүү боловсронгуй болно. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд мэдээж өөрт шаардлагатай дэмжлэгийг авна. Нөгөө талаар тухайн хүний хөдөлмөрийн чадвараа алдалтыг сэргээхэд сангийн хөрөнгийг хэрэглэх, ашиглах хэлбэр рүү орно. Үүн дээр нэмээд халамж байна. Сүүлийн жилүүдэд халамж хавтгайрлаа гэж их ярьж байгаа.

Харин бид халамжийг зорилтот бүлэг рүү нь чиглүүлэх зорилго тавьсан. Заавал халамж авах ёстой хүндээ халамж нь очдог байх ёстой. Тэгж байж тухайн хүн нийгмийн хөгжлөөс хүртэж, буцаад нийгмийнхээ хөгжилд гар бие оролцоно. Өнчин хүүхэд байлаа гэхэд халамжийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Эцэг эх нь нийгмийн даатгал төлж байсан бол даатгалаар дамжуулан хамгааллын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Гэхдээ бид эдгээр хүүхдүүдэд хангалттай хэмжээний амьжиргаагаа залгуулах, боловсрол эзэмших халамжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэж байж тэд маань маргааш мэдлэг, чадвартай болоод нийгмийн хөгжилд гар бие оролцоно. Дээрээс нь бүх халамжийг мөнгөн хэлбэрээр өгөх албагүй гэж үзэж байгаа. Үйлчилгээ болж хүрэх боломжтой.

-Таны ахалж байгаа нь дунд хугацааны хөтөлбөр. Яг ямар хугацаанд тавьсан зорилго, зорилтууддаа хүрэх юм бэ?

-Дунд гэдэг нь 10 жилийн хугацаа юм. “Алсын хараа-2050”-ыг 10, 10 жилээр нь хуваасан. Бид 2030 он гэхэд энэ зорилтууддаа хүрэх зорилго тавьсан. Энэ хөтөлбөрийг тухайн жил үнэлж, хэлэлцээд үүндээ тулгуурлан дараагийн 10 жилийн хөтөлбөр үргэлжлээд явна.

Эх сурвалж: Өглөөний сонин

SHARE