Ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгч ба П.Очирбат гуайн гавьяа

Гарчиг хараад анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг “долоох нь” гэж ойлгогдоно. Гэвч үгүй юм. Саяхан хэвлэгдсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-аас 31 жилийн тэртээх нэгэн түүхтэй танилцаад ийн хэлэв. Уг “эх сурвалж”-д Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеийн протоколыг багтаасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, ардчилсан хэмээх Үндсэн хууль хэрхэн төрснийг анх удаа байгаагаар нь нийтийн хүртээл болгосон байгаа юм. Чухамдаа тэндээс тухайн үед хэн, ямар байр суурьтай байж, юу ярьж хэлж байсан бэ. Өнөөдрийн энэ төрийн байгуулалт, засаглалын сонголтыг ямар замаар хийж байсан зэргийг тодорхой харж болох эх сурвалж болжээ. Тэнд П.Очирбат гуайтай холбоотой мартаж болохгүй маш том факт байна.

1991 оны арваннэгдүгээр сарын 30. Энэ өдөр Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу, парламентын засаглалтай явах уу гэдгээ сонгосон. Түүнээс өмнөх олон өдрийн турш АИХ-ын чуулганаар Монгол Улс ямар засаглалтай байх асуудлыг хэлэлцжээ. Дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн байдаг юм байна. Харин тэр өдөр Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Ингэж санал тэнцсэн тул “Ерөнхийлөгчийн саналыг сонсъё” гэсэн шийдэлд хүрчээ. Тэгэхэд Ерөнхийлөгч П.Очирбат “Эрхэм депутатууд аа. Тэгэхээр би өчигдөр бас та бүхний тавьсан асуудалд хариулахдаа өөрийнхөө саналыг хэлсэн. Тэрнээс өөр надад нэмж хэлэх зүйл алга байна. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа, хэлэлцсэн явцаас харахад ер нь манай, та бидний буруу ярьж, зөв ойлгоод байгаа парламентын засаглал байх нь зайлшгүй чухал байгаа юм. Тэгэхээр энийг бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр зарим зохицуулах, зарим зүйлийг тодруулах нэмэх, ийм юм бий байх аа. Энийг бол тухайн тухайн зүйлийг хэлэлцэхдээ яриад тодруулаад явчихаж болох байх гэж бодож байна. Тийм учраас ер нь одоо энэ эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдээд, эрхийн харьцаа хуваарь тэнцвэрийн асуудлаа тодорхой дараа нь яривал яасан юм бэ гэсэн ийм саналыг дахиад хэлмээр байна” гэжээ.

Улмаар мөн өдрийн 19:03 минутад дахин санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн засаглалыг 238 депутат буюу 65 хувь нь дэмжиж, 117 буюу 32 хувь нь татгалзжээ.

Дараа нь 1991 оны арванхоёрдугаар сарын 1-нд АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалыг 190 депутат буюу 50 хувь нь дэмжиж, 178 депутат буюу 47 хувь нь татгалзаж, 12 депутат буюу гурван хувь нь түдгэлзжээ. Түүний маргаашнаас АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын тухай үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.

Тэр үеэр 390 дүгээр тойргийн депутат Ү.Аварзэд “Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгоно. Парламентаас шууд хараат биш байдалд оруулна. Ийм байдлаар Ерөнхийлөгч Засгийн газраа удирдаж, толгойлж байх юм бол манай ард түмний сэтгэл санаанд илүү их тохирно”, 191 дүгээр тойргийн депутат, Д.Лханаасүрэн “Би парламентын засаглалтай, Ерөнхийлөгч нь нэлээд хүчтэй, одоо байгаа энэ төсөл дээр эрх мэдлийг нь нэлээд нэмсэн ийм засаглалтай байх нь зүйтэй гэж үзэж байна”, 427 дугаар тойргийн депутат Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгч хэрэв Засгийн газраа толгойлбол хойшдоо ч үргэлжлэх энэ хямралын цаг үед Засгийн газартайгаа цуг унана. Магадгүй жил бүр сонгууль хийх болно. Бүр жилд 2-3 удаа ч сонгууль хийж магад”, 42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндон “Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал байж болно, гэхдээ өнөөдөр цаг нь биш”, 288 дугаар тойргийн депутат С.Баярцогт “Ерөнхийлөгч нь миний ойлгож байгаагаар иргэнээ төлөөлөөд сайхан монгол эр гэдэг шиг төлөөллийн, бэлгэдлийн утгатай байна. Би нэг хүн дээр засаглал төвлөрөхийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Бидний үргэлж ярьдаг боддог юм бол гүйцэтгэх засаглал дандаа хүчтэй байх ёстой. Парламент бол консервативный тогтмол бодлогоо барьдаг. Энэ нөхцөлд Ерөнхийлөгчөө гүйцэтгэх засаглал тал руугаа аваачих юм бол Ерөнхий сайд өөрөө хүчгүй болох хандлагатай. Энийг хаах нэгдүгээр зарчим бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа идэвхгүй байх ёстой”, С.Зориг “Энд зарим нь Ерөнхийлөгчийн засаглал байх хэрэгтэй гэж үзэж байна. Зарим нь парламентын засаглал хэрэгтэй гэж байна. Гэтэл энэний хоорондын ялгаа, нарийн юмнуудыг мэдэж байгаа хүн энд нэг их олон байхгүй байх”, 45 дугаар тойргийн депутат М.Энхсайхан “Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гээд ярьж байна. Гэтэл би энэ дотор хоёр хүчин зүйлээ аваад үзэх юм бол Ерөнхийлөгчийн засаглал байх нөхцөлд Умард болон Өмнөд талаас нөлөөлөх нөлөөлөлд автах асуудал бол арай байх болов уу. Парламентын засаглалд бол энэ хоёр нөлөөнд автах явдал арай бага байх болов уу” гэсэн байр сууриуд гарч байжээ.

Улмаар 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Б.Чимид гуай Үндсэн хуулийн зүйл бүрээр депутатуудад уншиж сонсгоход “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэдэг заалтыг дэмжжээ.

Ингэж Монгол Улс парламентын засаглалыг сонгож байсан түүхтэй юм байна.

Нэг талаар тухайн үед Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа, ялангуяа засаглалын хэлбэрийг сонгох тал дээр депутатууд “хос морь”-той буюу Ерөнхийлөгч, парламент хоёрыг хоёуланг нь ярьж явсаар сүүлийн өдөр сонголтоо хийсэн байгаа юм.

Тэр утгаараа өнөөдрийн энэ нэг заалтаар парламентын гэх ч нэлээд олон заалтаар Ерөнхийлөгч эрх хуваалцсан холимог хуурга шиг засаглалыг бий болгосонҮндсэн хуулийг баталжээ. Түүний горыг монголчууд 30 гаруй жилийн турш амсаж ирэв.

Харин нөгөө талаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн засаглалыг депутатуудын 48 хувь дэмжиж, 48 хувь эсэргүүцчихээд байхад “Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой” гэсэн нь Ерөнхийлөгч П.Очирбатыг бид мартах учиргүй. Хэрвээ тэр Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн бол “заал” яах байсан бол гээд бодчиход бас гэмгүй. Тэр утгаар нь харвал П.Очирбат гуай Үндсэн хуулийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн агуулгыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг “Хээгүй Ерөнхийлөгч” хэмээдэг. Харин тэрбээр өнөөдрийг хүртэл сонгогдсон Ерөнхийлөгч дундаас эрх мэдлээ хэтрүүлээгүй, аж ахуйн ажилд хутгалдаагүй, хор найруулж төр засгаар тоглоогүй, буцаж улс төрд ноцоогүй, хууль хяналт шүүхэд ноёрхол тогтоох гэж хичээгээгүй цорын ганц Ерөнхийлөгч юм.

 

Эх сурвалж: dnn.mn Б.Тулгат 

SHARE