Ван дер Ваарт: Фрэнки, зүгээр л эргэлзэлгүй оч!

25 настай нидерланд хагас хамгаалагч Фрэнки Де Йонгийг Испанийн “Барселона” зарахаар болсон. Дараа дараачийн шинэ тоглогчдоо авах мөнгө олохын тулд “лангуу” дээр тавигдсан хөлбөмбөгчийг эргэлзэлгүйгээр Английн “Манчестер Юнайтед”-д оч гэж элэг нэгт Рафаэл Ван дер Ваарт зөвлөсөн байна.

Сүүлийн мэдээгээр бол “Улаан чөтгөрүүд” Эрик Тэн Хагтай “Аякс”-т хамт байхдаа хамтран ажиллаж гаршсан хагас хамгаалагчийн төлөө 60 сая евро төлөхөд бэлэн байгаагаас гадна 20 сая еврогийн урамшуулал амжилтаас нь шалтгаалан олгохыг зөвшөөрсөн байна. “Барселона” энэ саналыг бодолхийлж байгаа бололтой.

“Фрэнки Де Йонг шигшээ багтаа яагаад ийм гойд сайн тоглодгийн учрыг би та бүхэнд тайлбарлаад өгье. Учир нь тэр шигшээ багтаа яг ийм чанар, чадвартай ганц тоглогч нь. Тийм болохоор түүнд хүссэнээ хийх боломж олддог юм. Харин “Барселона”-д бол Педри, Гави байна. Тэгээд мэдээж, Бускетс гээд яг ижил байрлалын ийм тоглогчид байдаг.

“Манчестер Юнайтед”-д очвол яг л шигшээдээ байдаг шиг ийм чанар, чадвартай ганц тоглогч нь болно. Тиймээс би лав түүний оронд байсан бол огт эргэлзэхгүй очих байлаа. Тэгэхээр миний юу гэж зөвлөх ойлгомжтой байгаа биз? Тийм ээ, эргэлзэлгүй тийшээ оч, Фрэнки.

Английн Премьер лигт олон шилдэг хагас хамгаалагч бий. “Дэлхийн хамгийн хурдтай лиг” гэх мэтээр хүмүүс ам уралдан ярилцдаг. Гэхдээ яагаад хэмнэл нь тийм хурдан байдаг вэ гэхээр хөлбөмбөгчид нь бөмбөгөө олон алддагт хэргийн учир бий. Миний хувьд лав тэнд тоглоход сайхан байсан” хэмээн Ван дер Ваарт өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE