Мартинес: Мессигийн үгийг сонсоод би чичрэх шиг болсон

 

2021 оны Өмнөд Америкийн аваргаар Аргентины шигшээ баг тодорсон. Энэхүү тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг багийн ахлагч Лионель Месси гардсан нь түүний Аргентины нэгдүгээр шигшээ багтайгаа хүртсэн анхны цом болсон юм.

Мөн тус тэмцээнд хаалгач Эмилиано Мартинес Колумбын эсрэг тоглолтод пенальти хааж, чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл хаалгач Эмилиано Мартинес Өмнөд Америкийн АШТ-ий финалын тоглолтын өмнө Лионель Мессигийн багийнхандаа хэлсэн үгийг дурсан ярьжээ.

“Тэр үг хэлэхдээ “Энэ бол миний сүүлчийн тоглолт. Тиймээс бүх хүчээ шавхан тоглох болно” гэсэн юм. Мессигийн тэр үгийг сонсоод би чичрэх шиг болсон. Тэгж хэлэхэд бүгд таг дуугүй болцгоосон. Багийн дасгалжуулагч, хөлбөмбөгчид бүр Аргентины Ерөнхийлөгч хүртэл таг дуугүй болж билээ. Тэнд байсан бүх хүн юу ч хэлж чадахгүй зогсоцгоосон” хэмээн Эмилиано Мартинес өгүүлсэн байна.

Финалд Аргентины шигшээ баг Анхель Ди Мариагийн оруулсан гоолоор Бразилын шигшээг 1:0-ээр хожиж аваргын цомыг гардсан. Лионель Мессигийн хувьд Аргентины нэгдүгээр шигшээд 2006 оноос эхлэн тоглож буй бөгөөд энэ хугацаанд 162 тоглолтод гарч, 86 гоол оруулаад байна.

Р.Гэгээ

 

SHARE