Д.Амарбаясгалан: Хөгжил, боломж хаалга тогшиж байхад “Үндсэн хуулийг өөрчлөх болоогүй” гээд суух эрх МАН-д байхгүй

УИХ Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тал бүрийнхний төлөөллийг сонсч байна. Энэ хүрээнд даваа гарагт “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол лхагва гарагт улс төрийн намуудын удирдлагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЖ, ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ДЭМЖИВ

 

Эрдэмтэн судлаачид хаврын чуулганы хугацаанд багтаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн санал гаргасан. Мөн улс төрийн намын санхүүжил, намын тогтолцооны шинэчлэлийг хөндсөн юм. Тухайлбал, хуульч Д.Үүрцайх “Сонгуулийн тогтолцооноос гадна төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудаа засья гэсэн агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж байна. Тиймээс хаврын чуулганаар маш яаралтай Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол 2024 оны сонгуулийн дараа ямар парламент бүрдэх вэ. Өнөөдрийн бүрдсэн улс төрийн намуудын дунд болон нийгмийн зөвшилцөл дахин хийгдэж чадах уу гэсэн эрсдэлтэй нүүр тулна. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд урагшлахгүй. Мөн төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа алдаагаа засахгүй бол өөрчлөгдөхгүй. Үндсэн хууль түүхэн цаг үед үүргээ гүйцэтгэсэн. Тэглээд гээд тэврээд хэвтээд байж болохгүй. Дэлхийн улс орнуудын бар болох 30 жилийн хугацааг хий алдсан. Тиймээс өөрчлөлтийг зоригтой хийх ёстой. Үндсэн хуулийг өөрчилснөөр төр тогтворгүй болохгүй. Тэгш биш мандатын тоо, саналын эрхтэй байгаа. Төрөө тэгш эрхгүйгээр сонгоно гэдэг Бүгд найрамдах ёс, ардчилсан ёс биш биз дээ. Энэ янзаараа явбал цаашдын 10 жилийг хэцүү байдалд өнгөрүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин улс төрийн намын удирдлагууд сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй. Тэгээд нам харгалзахгүй бүлэг байгуулж ажиллах боломжийг нээж өгье гэлээ.

 

Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ ДЭЭР БОДЛОГО ГАРГААД ЯВАХАД МАН БЭЛЭН БАЙНА

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригч нам ямар байр суурьтай байгаа нь анхаарал татаж буй юм. Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан улс төрийн намын удирдлагуудтай хийх уулзалтын үеэр “МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх санаачлагыг маш анхааралтай ажиглаж байна. Эрх баригч намын хувьд энэ асуудлаар бодлогоо гаргана. Цаг үе энэ өөрчлөлтийг хийхийг шаардвал эрх баригчид хойшоо суух нь өрөөсгөл. Хөгжил, боломж, дэвшил хаалга тогшиж байхад нь бид “Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг хугацаа болоогүй” гээд хаалгаа онгойлгохгүй сууж байх эрх байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг их нухацтай ярих ёстой. Ахуйн шинжтэй, явцуу асуудлаас ангид бодлого гаргаж ажиллах нь зүйн хэрэг. Ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүд өөрийн бодлын үүднээс асуудалд хандмааргүй байна. Харин бодлоготой, судалгаатай, суурьтайгаар энэ асуудалд хандмаар байна. МАН удаа дараагийн сонгуульд ялаад, эрх бариад байж болно. Гэтэл үүний цаана улс оронд маань хөгжил дэвшил, ард иргэдэд маань боломж бололцоо нь ирэх юм уу, үгүй юу гэдгийг бид нухацтай ярих ёстой.

МАН 30 дугаар их хурал дээрээ зөвхөн сонгуулийн ялалтын төлөө бодлого тодорхойлж сонгуульд ордгоо хойш тавих цаг нь иржээ гэдгийг тодотгож ярилцсан. Өнөөдрийнх шиг боломж бололцоог удаан үргэлжлүүлбэл ард иргэд удаан даахгүйг онцгойлон авч үзэх хэрэгтэй. Тиймээс аливаа өөрчлөлт, шинэчлэлийг улс төрийн намуудын хамтаар, ард иргэд нь дэмжье гэж үзэж байвал УИХ дээр бодлого гаргаад явахад МАН бэлэн байна гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээр Ажлын хэсгээс дүнг нэгтгэх юм. Тус байнгын хорооны даргын хэлснээр ирэх долоо хоногийн эхээр буюу энэ сарын 31 гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Доржханд төв талбай дээр жагсаал зохион байгуулж иргэдийн гарын үсгийг цуглуулж шаардах бичгийг УИХ-ын дарга болон 76 гишүүнд хүргүүлсэн.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА:

-УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, ингэхдээ хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болгох.
-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг хүчингүй болгох.
-Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх.
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол хил хязгааргүйгээр нэгтгэснээр орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх.
-Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болгох гэсэн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан байна.
-Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх эсэх.
-Улсын Их Хурлын гишүүд сайдын албан тушаал хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх эсэх.
-Улсын Их Хурлыг хамтын хариуцлага хүлээлгэж, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч тараах бодит боломжийг бүрдүүлэх эсэх.
-Ерөнхийлөгчийг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгон ирүүлсэн зохих тооны төлөөлөгчдийг оролцуулан Улсын Их Хурлын өргөтгөсөн чуулганаас сонгох эсэх.

 

Эдгээр асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлж, зохих санал, дэмжлэгийг авсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх шаардлага тавьжээ. Бодит ажил хэрэг болгохын тулд  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж,  УИХ-ыг ажлын тав хоногт завсарлуулан, гишүүд тус бүрээр тойргийнхоо иргэдэд танилцуулах ажлыг гүйцэтгүүлэх замаар хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулах гэсэн байна.  Дээрх шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тавдугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE