Сон: Завсарлагаар багийнхан минь тусална гэж шулуухан хэлсэн

Английн Премьер лигийн улирлын шилдэг мэргэн буучаар анх удаагаа ази хүн шалгарлаа. Энэ бол “Тоттенхэм”-ийн өмнөд солонгос тоглогч Сон Хён Мин. Тэрбээр “Ливерпүүл”-ийн Мохамед Салахын хамтаар тус бүр 23 гоолтойгоор шилдэг мэргэн буучаар тодорсон.

Салахын 23 гоолын 5 нь пенальти бол Сонд пенальтиас оруулсан гоол үгүй. Премьер лигийн “Алтан пүүз”-ийг хүртсэнийхээ дараагаар Сон ийн өгүүлжээ.

“Энэ шагналыг хүртэж буй минь үнэхээр гайхалтай санагдаж байна. Итгэхэд ч хэцүү юм. Сэтгэл их догдолж байна. Бага наснаасаа мөрөөдсөн юм шүү дээ. Гэтэл одоо мөрөөдлөө биелүүлчихсэн, бариад зогсож байдаг. Итгэхийн арга алга.

Өнөөдөр гоол оруултлаа үнэндээ жаахан бухимдлаа. Их хялбархан гоол болгочих боломжуудыг алдаад байсан учраас тэр л дээ. Тэгсэн хэрнээ хамгийн хэцүү боломжийг ашиглачихлаа.

Би бууж өгөөгүй. Өнөөдөр заавал гоол хийнэ гэж зүтгэлээ. Завсарлагаар манай багийнхан ч надад тусална гэдгээ шулуухан хэлцгээсэн. Багийнхан маань туслахаар хичээж буйг та бүхэн ч харсан байлгүй. Энэ улирал их сургамж болж үлдлээ. Ирэх улиралд бид Аваргуудын лигт оролцох боллоо. Манай багийн тоглогч бүр ийм гавъяатай.

Антонио Конте бидэнд маш их зүйл өгч байгаа. Түүнийг энд иртэл Аваргуудын лигийн эрх авна гэж итгэсэн хүн байгаагүй. Энэ шагналын тухайд бол төсөөлөмгүй хүнд юм. Миний хувьд аугаа өдөр боллоо” хэмээн Сон өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE