Тухель: Үлдэж болохоор бол амлачихья!

Английн “Челси” орос эзэн Роман Абрамовичийн хөрөнгө хэвээр байгаа билээ. Хэдийгээр Тодд Боэли тэргүүтэй хөрөнгө оруулагчид клубыг авахаар тохиролцсон ч одоо хүртэл албан ёсоор эзэн болоогүй байна. Тиймээс ч “Челси” хөлбөмбөгчидтэй гэрээ сунгах, мөн шинэ тоглогч худалдан авах боломжгүй хэвээр байгаа юм.

Томас Тухель нөхцөл байдлаас үл шалтгаалан ирэх улиралд дасгалжуулагч чигээрээ үлдэж ажиллана гэдгээ мэдэгджээ.

“Хэрвээ үлдэж болохоор бол би үлдэнэ гээд амлачихья. Үүнийг л би амлаж чадна. Үлдээд бүх анхаарал, хүчээ хандуулж, өөдрөгөөр ажиллах болно. Юу ч боллоо гэсэн би үлдэж ажиллана.

Өөр муу, сөрөг хувилбарын талаар бодохыг ч хүсэхгүй байна. Бид өрсөлдөх чадвартай баг байх болно. Харин яг ямар хэмжээнд өрсөлдөхийг цаг хугацаа харуулна. Клубыг зарах үйл явц удааширч, эрсдэлтэй байдал үүсэх магадлал бий.

“Манчестер Сити”, “Ливерпүүл” зэрэг багуудын жирийн нөхцөлд, хэвийн ажиллаж, шинэ тоглогчдоо авч ажиллаж байхад бид цаг хугацаа алдвал нөхөж гүйцэхэд хэцүү болох нь ойлгомжтой” хэмээн Тухель өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE