2012 онд тойроггүй, намын жагсаалтаар УИХ-ын 28 гишүүн сонгогдсон нь өнөөдөр улстөрчдийн хорхой хүргэсэн сэдэв

УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оноос эхлэн холимог системээр явуулах тухай яриа энэ 2022 оны Хаврын чуулганы үеэр улстөрчдийн дунд өрнөж байна.

___Парламентын спикер, МАН-ын Г.Занданшатар УИХ-ын даргын суудал дээрээс ярьж байна.

___УИХ-ын дэд дарга, АН-ын С.Одонтуяа Төрийн ордонд УИХ-ын чуулганы танхимд ярьж байна.

___УИХ-ын гишүүн,  ХҮН-ын дарга Т.Доржханд Төрийн ордны гадаа Чингис хаан, Сүхбаатарын хөшөөний уулзвар талбайд ярьж байна.

___ШИНЭ намыг үүсгэн байгуулагч, УИХ-ын экс гишүүн Ж.Батзандан хилийн чанадаас эх орондоо бүрмөсөн буцаж ирж хэвлэл мэдээллийнхний өмнө зогсож ярьж байна.

УИХ-ын ээлжит сонгууль 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд нийт найман удаа болсон. Долоон удаагийнх олонхын мажоритор тогтолцоотой явагдсан бол ганцхан удаагийн 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр зохион байгуулсан. УИХ-ын гишүүдийн 28 нь нам, эвслийн төлөө сонгогчдын өгсөн саналаар буюу пропорционал системээр, 48 нь тойрогт нэр дэвшиж олонхын саналаар буюу мажоритор системээр сонгогдсон. УИХ-ын 76 гишүүн нь пропорционал, мажоритор системийн аль алинаар сонгогдсон учраас уг сонгууль нь “холимог систем” гэсэн тодотгол нэртэй. УИХ-аас баталж тухайн үед хэрэгжүүлсэн Сонгуулийн хуулийн “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалтын дагуу уг сонгууль болсон. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар тухайлсан тойрогт нэр дэвшиж өрсөлдөлгүй, нам, эвслийн жагсаалтаар төрийн түшээ болсон 26 улстөрчийг танилцуулъя. Эдгээр улстөрчийг өөрсдийн үнэлэмжээр бус хайрт нам эвслийнхээ ач буянаар УИХ-ын гишүүд  болсон гэж ойлгож болно.

___ Ардчилсан Нам

  1. Н.Алтанхуяг (одоо УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Ерөнхий сайд)
  2. З.Энхболд (2012-2016 онд УИХ-ын дарга)
  3. Х.Тэмүүжин (2008 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн)
  4. Ч.Сайханбилэг (одоо гадаадад, 2014-2016 онд Ерөнхий сайд)
  5. Д.Эрдэнэбат (дараа нь 2016 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн)
  6. Ш.Түвдэндорж
  7. Р.Бурмаа хатагтай
  8. Ц.Баярсайхан (1996, 2004, 2008 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн)
  9. Р.Гончигдорж (1996-2000 онд УИХ-ын дарга)
  10. М.Батчимэг хатагтай

___ Монгол Ардын Нам

  1. Сү.Батболд (одоо УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Ерөнхий сайд)
  2. У.Хүрэлсүх (одоо МУ-ын Ерөнхийлөгч)
  3. Д.Дэмбэрэл (2008-2012 онд УИХ-ын дарга)
  4. Ө.Энхтүвшин (2000, 2006, 2008, 2016 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн)
  5. Д.Лүндээжанцан (2007-2008 онд УИХ-ын дарга)
  6. Ц.Нямдорж (2005-2007 онд УИХ-ын дарга)
  7. Н.Энхболд (одоо УИХ-ын гишүүн, Гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга)
  8. Я.Содбаатар (одоо МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга)
  9. Ж.Энхбаяр (дараа нь 2016 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн)

___ “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”

  1. Ч.Улаан
  2. Н.Батцэрэг
  3. М.Сономпил
  4. З.Баянсэлэнгэ хатагтай
  5. О.Баасанхүү
  6. Ц.Цолмон
  7. Ц.Оюунбаатар

___ Иргэний Зориг Ногоон Нам

  1. С.Оюун (1998, 2000, 2004, 2008 онд тойргоос сонгогдсон гишүүн)
  2. С.Дэмбэрэл нар.

Дашрамд онцлоход, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө дөрөвдүгээр 22-нд болж Сонгуулийн хуулийн “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн тогтоол гаргаж сонгуулийг холимог системээр явуулахыг зогсоосон. Эцэст нь 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль тойргоос сонгодог мажоритор системээр явагдсан.  Холимог тогтолцоог дахин сэргээх талаар дуу дуугаа авалцан поопордож байгаа эрхэм улстөрчид УИХ-ын ээлжит сонгуулийг холимог системээр явуулах заалт суулгасан Сонгуулийн хуулийг шинэчлэн баталж энэ хуулиа Үндсэн хуулийн Цэц дээрээс “амьд” авч гарах хууль эрхзүйн гарц хайж байгаа ажээ.

SHARE