Жака: Дарамт даах чадалгүй бол гэртээ сууж бай л даа!

 

“Арсенал” сүүлийн хэдэн жил дараалан Аваргуудын лиггүй хоцрох магадлал өндөр боллоо. Өчигдөр “Ньюкасл”-д 2:0-ээр хожигдсоны дараагаар “Их буучид”-ын швейцарь хагас хамгаалагч Гранит Жака сэтгэл санаа нь маш хүндхэн байгаагаа нуусангүй.

“Үг олж хэлэхэд ч хэцүү байна шүү. Өнөөдөр бид талбай дээр гарах ч эрхгүй гэмээр муу тоглолоо. Яагаад гэдгийг нь би тайлбарлаж хэлж чадахгүй нь. Дасгалжуулагчаа ч сонссонгүй, төлөвлөснөө ч хийсэнгүй. Үнэхээр аймшигтай муу тоглолоо. Бид Аваргуудын лиг байтугай Европа лигт ч оролцохоор хэмжээнд тоглож чадсангүй. Хэцүү ч гэлээ үнэн байдал ийм л байна.

Ийм чухал тоглолтод гарч чадахааргүй хүн байвал зүгээр гэртээ сууж байх хэрэгтэй шүү дээ. Сандраад байгаа бол нас хамаагүй шүү дээ. Сэлгээнд юмуу, гэртээ л сууж байна биз. Ийм тоглолтод гарч, хожиход эр зориг, дайчин чанар хэрэгтэй байдаг юм.

Энэ маш чухал тоглолт байсан болохоор фанатуудынхаа өмнө үзэгдэх ч эвгүй санагдаж байна. Фанатуудаасаа уучлалт гуйя. Тоглолтын дараагаар хувцас солих өрөөнд таг чимээгүй байцгаалаа. 90 минутын турш төлөвлөснөө огт хийгээгүй хүмүүс аргагүй. Бид Аваргуудын лигт оролцох юмсан гэсээр зургаан жил өнгөрч байна. Өнөөдөр бол бүх юм бидний гарт байлаа.

Хүмүүс лидерийн зан чанарын тухай ярих дуртай. Бид теннис биш хөлбөмбөг тоглож байгаа хүмүүс. Дарамт даах чадалгүй юм бол гэртээ байж бай л даа. Ингэж хоёрын хооронд талбайд гарч, тоглосон ч юм шиг, үгүй ч юм шиг байснаас тэр нь дээр” хэмээн Жака өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE