Лигийн Шилдэг тоглогчоор нэрлэгдсэн Мбаппэ шийдвэрээ гаргасан гэдгээ хэллээ

Францын Лигийн улирлын шилдгүүдийг тодрууллаа. Улирлын Шилдэг хөлбөмбөгчөөр “Парис Сэн-Жэрмэйн”-ийн Килиан Мбаппэ нэрлэгдлээ.

Улирлын шилдэгт түүнтэй хамт “Монако”-гийн Виссам Бен-Йеддер, “Марсель”-ийн Димитри Пайе, “Лион”-ы Лукас Пакета, “Ренн”-ий Мартен Терье нар нэр дэвшиж, өрсөлдсөн юм. Харин улирлын Шилдэг дасгалжуулагчаар “Ренн”-ий Бруно Женезио нэрлэгджээ. Шилдэг хаагачийн шагналыг “ПСЖ”-ийн Жанлуижи Доннарумма хүртсэн байна.

Улирлын шилдгийн шагналыг гардсаныхаа дараагаар Килиан Мбаппэ ирээдүйнхээ талаар шийдвэр нэгэнт гаргасан гэдгээ хэлжээ.

“Би яг одоо та бүхэнд ирээдүйнхээ талаар хэлж чадахгүй нь. Гэхдээ мөдхөн та бүхэн дуулах болно. Бараг бүхнийг шийдчихсэн. Шийдвэр гаргачихсан ч гэлээ яг одоо зарлахад зөв цаг нь биш гэж бодож байна. Францын шигшээ багийн бэлтгэлд нэгдэхийнхээ өмнө би хэлэх болно” гэж Мбаппэ өгүүлжээ.

Харин Францын шигшээ багийнхан энэ сарын 28-нд бэлтгэлдээ цугларах юм.

Р.Гэгээ

 

SHARE