АНУ-ын тэргүүн хатагтай Украинд нууцаар очиж, Елена Зеленскаятай уулзлаа

 

Тавдугаар сарын 8-ныг АНУ-д Эхчүүдийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдөр АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украины хил дээр орших Ужгород хотын Ерөнхий Боловсролын нэгэн сургуулийн байранд Елена Зеленскаятай уулзжээ.

Владимир Зеленскийгийн эхнэр, Украины тэргүүн хатагтай Елена Зеленская ийнхүү хоёрдугаар сарын 24 буюу дайн эхэлсэн өдрөөс хойш анх удаагаа олны өмнө гарсан байна

Жилл Байден Европт дөрөв хоногийн айлчлалаар ирээд буй бөгөөд Словакийн хилийн захын тосгоноос Украины Ужгород хотноо автомашинаар нууцаар хүрчээ.

“Украины ард түмнийг АНУ-ын ард түмэн дэмжиж байгааг харуулахын тулд, энэ хэрцгий дайныг эсэргүүцэх буйгаа илэрхийлэхийн тулд би Эхчүүдийн өдөр энд ирэхийг хүссэн юм” хэмээн Жилл Байден мэдэгдсэн байна.

“Зоригтой алхам хийж, эх оронд минь ирсэнд нэн тэргүүнд талархаж буйгаа илэрхийлье. Өдөр бүр түгшүүрийн дохио хангинаж буй дайны энэ хэцүү цагт АНУ-ын тэргүүн хатагтай энд ирнэ гэдэг эрсдэлтэй, эр зориг шаардсан алхам” хэмээн Елена Зеленская хэлсэн байна.

Тэдний уулзсан Ужгородын дунд сургуулийн байрыг дүрвэгчдийн байр болгон ашиглаж 167 хүн амьдарч байгаагийн 47 нь хүүхэд юм байна. Дайны өдрүүдэд сэтгэл санаа нь ямар байгааг Жилл Байден асуухад Елена Зеленская “Хэдийгээр нөхөртэйгээ хамт байх боломжгүй ч гэлээ өдөр бүр, шөнө бүр хүүхдүүдийнхээ гарыг атган амьдарч буй болохоор тэвчээртэй байна” гэжээ.

‘Жилл Байдений Украин дахь энэхүү нууц айлчлал хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд хоёр улсын тэргүүн хатагтай нар 30 минут хоёулхнаа ярилцаж, мөн хүүхдүүдтэй өнгийн цаасаар амьтан хийж, хөгжилджээ. Жилл Байден Украинаас буцах замдаа нөхөр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден руу утсаар ярьж, уулзалт ямар болсон талаар хэлсэн гэнэ.

Р.Гэгээ

SHARE