Амбер Херд сэтгэцийн эмгэгтэй гэсэн дүгнэлтийн дараагаар PR багийнхнаа халжээ

АНУ-ын Виржиниагийн шүүхийн танхимд 2018 оны арванхоёрдугаар сард Амбер Хердийн The Washington Post сонинд нийтэлсэн гэр бүлийн хүчирхийллийн тухай нийтлэл нь Жонни Деппийг гүтгэн доромжилсон эсэхийг шийдэх шүүх хурал үргэлжилсээр байна.

58 настай Жонни Депп хуучин эхнэр, 36 настай Амбер Хердээс 50 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан билээ.

Амбер Херд одоогоор шүүх хурал дээр өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болж харагдаж байна. Тиймээс ч олон нийтийн зүгээс түүнийг 2023 оны хавар дэлгэцнээ гарах Aquaman киноны хоёрдугаар ангид тоглуулахгүй байхыг шаардаж цуглуулж буй гарын үсэгт 3 сая гаруй хүн нэгдээд байна. Хэрвээ гарын үсгийн тоо 4.5 саяд хүрэх юм бол charge.org-ийн түүхэнд хамгийн олон гарын үсэг цугларсан тохиолдол болох юм.

Их ашигтай киноны дүрээ алдах аюулд унасны зэрэгцээ мөн шүүхийн шинжилгээний сэлгэлзүйч эмч Шеннор Карригийн дүгнэлтээр солиотой, сэтгэцийн эмгэгтэй мэт байдалд хүрсэн нь Амбер Хердийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, PR /пиар/ багаа халахад хүргэжээ.

Шүүх хурал эхэлснээс хойш олон нийт Амбер Хердэд дургүйцэх нь улам бүр нэмэгдэж, сүүлдээ сэлгэлзүйч эмчийн тодорхойлсноор бол зүгээр нэг гэр бүлийн хүчирхийлэгч бус бүр сэтгэцийн өвчтэй, солиотой хүн болж хувирсан тул жүжигчин эмэгтэй PR багаа маш муу ажиллаж байна хэмээн дүгнэж, халжээ.

Пиар багаа халсны дараагаар Амбер Херд Лос-Анжелесийн Shane Communications олон нийтийн харилцааны байгууллагад пиараа даатгахаар тохирсон байна. Энэ фирм өмнө нь Жонни Деппийн эсрэг хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай гэнэ.

Харин сэтгэцийн өвчин, эмгэг гэж сэтгэлзүйч эмч Шеннон Карригийн хэлснийг илүү тодорхой задалбал Амбер Хердийг Бие хүний туйлын хувийн эмгэг (BPD), драматик буюу жүжигчилсэн хувийн эмгэг (HPD)-тэй гэж дүгнэсэн ажээ.

НPD буюу драматик хувийн эмгэгтэй хүн гэдэг нь үргэлж олны анхаарлын төвд байхыг хүсдэг, үүнийхээ тулд драматик буюу жүжигчилсэн байдал гаргадаг эмгэгийг хэлдэг гэнэ. Ийм эмгэгтэй хүмүүс шүүмжлэлд маш эмзэг ханддагаас гадна удаан хугацааны турш харилцаанд байх чадваргүй. Мөн ийм эмгэгтэй хүмүүс ихэвчлэн зүс царай сайхантай байдгаас гадна олон нийтийг дагуулах чадвар, барил эзэмшсэн. Гэхдээ энэ чадвараа бусдын анхаарлыг татах, өөрийн аясаар байлгахын тулд ашигладаг гэнэ.

BPD буюу бие хүний туйлын хувийн эмгэгтэй хүн гэдэг нь харьцангуй түгээмэл тохиолддог харилцааны эмгэг гэнэ. Жирийн хүмүүсээс ялгарах шинж нь бусадтай харилцахдаа мэдэрч, хүлээн авч байгаагаараа өөр. Ийм эмгэгтэй хүмүүс нь өөрийгөө олоогүй, бүрэн төлөвшөөгүй байдаг учир үнэт зүйлс болон хүсэл сонирхлоо богино хугацаанд өөрчилдөг. Асуудлыг хоёр туйлд тулгаж боддог учраас хүмүүсийн тухай бодлоо түргэн өөрчилдөг ажээ.

“Миний анзаарч ойлгосноор бол сэтгэлзүйч Карригийн дүгнэлт Хердийн тэвчээрийн сүүлчийн утсыг тасалчих шиг болсон. Жонни Деппийн пиар багийнхан Хердийг зөвхөн хариу хүчирхийлэл үйлдэгч гэдгийг илчлээд зогсохгүй сүүлдээ бүр солиотой хүн мэт харагдуулж эхэлсэн нь пиар багийнхнаа халахад хүргэсэн байх” хэмээн шүүх хурлын явцыг ажиглаж буй эксперт өгүүлжээ.

Хэрвээ Жонни Депп гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн цоллуулсныхаа шанд “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны цувралд тоглох эрхээ хасуулж, 25 сая ам.доллар алдсан юм бол Амбер Херд ч гэсэн хүчирхийлэгч учир Aquaman 2-д тоглуулахгүй байх ёстой гэж олон нийт болон шүүмжлэгчид үзэж байгаа юм байна.

“Хэрвээ Амбер Херд дүр бүтээх юм бол би лав Aquaman 2-ийг үзэхгүй” гэж нэгэн хүн хэлсэн бол “Уг нь би Жэйсон Момоад хайртай. Гэвч золиос болсон нэгнийг халсан хэрнээ хүчирхийлэгчийг нь үлдээсэн төслийг дэмжихгүй” гэж өөр нэгэн хүн сэтгэгдэлдээ бичжээ. “Амбер Хердийн дүрийн гарах хугацааг 10 минут болгож багасгах нь надад хамаагүй. Тэр энэ кинонд нэг секунд ч гэсэн харагдах л юм бол би үзэхгүй” гэж өөр нэгэн ярьсан байна.

Амбер Херд хоёр ч удаа Жонни Деппийн нүүр рүү хүчтэй цохиж байсан. Мөн нэг удаа лонхоор цохиж хурууг нь хугалж, олон оёо тавиулахад хүргэсэн. Өмнө нь хамтран амьдрагчдаа удаа дараалан хүч хэрэглэсний улмаас баривчлагдаж байсан зэрэг нь 36 настай жүжигчин эмэгтэйг үзэн ядах шалтгаан болоод байгаа юм.

Жонни Деппийн хувьд өөрийгөө хүчирхийлэгч биш гэж мэдүүлсэн бөгөөд нэрээ цэвэрлэхийг хүсч буйгаа мэдэгдсэн. Харин Амбер Хердийн өмгөөлөгчид Жонни Деппийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн юмуу, мансуурсан үедээ хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлж байгаа ажээ.

Шүүх хурал энэ сарын 19-нд эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

Р.Гэгээ

 

 

SHARE