Хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн Борис Жонсоныг огцрохыг уриалав

 

Английн Ерөнхий сайд Борис Жонсон хатуу хөл хорионы үеэр төрийн ордон буюу “Downing Street”-дээ олон хүн цуглуулан согтууруулах ундааны зүйл хэрэглэн наргисан гэсэн мэдээлэл цацагдсан нь ихээхэн шуугиан  тарьсан. Эхэн үедээ тэрбээр энэ талаар ам нээгээгүй. Дараа нь хэсэг хугацаанд үгүйсгэсний эцэст төрсөн өдрөө тэмдэглэсэн хэмээн буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан билээ. Тодруулбал, тэрбээр мягмар гарагт парламентын гишүүдээ чин зүрхнээсээ уучлал гуйхыг уриалсан юм.

Хөл хорионы хуулийг зөрчсөнтэй холбоотойгоор цагдаа нар энэ сарын 13-нд торгосны дараа Борис Жонсон түүний төрсөн өдрийн үдэшлэг хууль бус байсныг мэдээгүй хэмээн дахин “бултав”.  Тэрбээр “Тухайн үед буюу 2020 оны зургадугаар сард болон дараа нь төрсөн өдрийн цугларалт дүрэм зөрчсөн үйлдэл болно гэж төсөөлсөнгүй” гэж хууль тогтоогчдод хандан хэлэв. Англид 2020 оны зургадугаар сард олон нийтийн уулзалтыг хориглосон дүрэм үйлчилж байсан юм. Тиймээс байцаагчид цар тахлын үед Засгийн газрын байранд олныг хамарсан өөр ямар нэгэн цугларалт, уулзалт болсон эсэхийг шалгаж байна.Мөн энэ дуулиан Борис Жонсоныг огцруулахад уриалах үндсэн шалтгаан болсон юм. Түүний Консерватив нам парламентад олонх учир Борис албан тушаалдаа хэвээр үлдэх магадлал өндөртэй хэмээн улс төр судлаачид үзэж байгаа ч түүний намын ахлах гишүүн Марк Харпер огцрохыг уриалаад байна. Тэрбээр “Улс орон даяар дагаж мөрдөх ёстой гэсэн хөл хорионы хуулиа Ерөнхий сайд өөрөө зөрчсөнд үнэхээр их харамсаж байна. Энэ бол шударга бус зүйл. Борис Жонсон одоогийн энэ албан тушаалыг хаших эрхгүй хэмээн би бодож байна” гэв. Мөн Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер Жонсоны мягмар гарагт хэлсэн үгийг онигоо хэмээн нэрлэв. Тэрбээр “Ерөнхий сайдын хэлсэн үгэнд ард иргэд итгэхгүй. Тэд хэдийнэ шийдвэрээ гаргачихсан. Түүнийг хэн болохыг олон нийт мэднэ” гэж “CNN”-д ярьжээ.

Ийн өөрийн улсдаа нэр хүнд нь унаад байгаа Борис Жонсон Украин улсад “од” болж байна. Тэрбээр Киевт айлчлах үеэрээ Украинд 585 сая ам.долларын зэвсэг, 520 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлажээ. Үүний дараахан  Фонтанка хотын зөвлөлөөс Маяковскийн гудамжийг Борис Жонсоны нэрэмжит болгож өөрчлөх тушаал гаргажээ.Энэ гудамжийг анх Зөвлөлтийн нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч Владимир Маяковскийн нэрэмжит болгож байв. Тушаалд “Их Британийн Ерөнхий сайд бол Оросын түрэмгийллийг хамгийн зарчимтай эсэргүүцэгчдийн нэг. Тиймээс Маяковскийн гудамжийг Борис Жонсоны гудамж болгон өөрчилж байна” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДОЛЖИНЖАВ

SHARE