Амьдралаас “төрсөн” гишүүд амьдралаас тасарсан хууль санаачлав

Аймаг, дүүргийн Засаг дарга нар аясаараа л төрийн түшээ болчихдог бичигдээгүй хуультай боллоо. Ард иргэд ч өөрсдийнх нь амьдралыг хамгийн сайн мэдэх хойно улс төрийн мэдлэг, туршлага ч яамай гээд  итгэж дугуйлж орхисон нь энэ биз. Тиймээс ч энэ удаагийн Их хуралд амьдралаас “төрсөн” гишүүд  бараг бүлэг бүрдүүлэх хэмжээнд орж ирсэн. Гэхдээ бүрэн эрх нь хэрэгжээд хоёр жил өнгөрчихөөд байхад иргэдийнхээ дуу хоолой нүд чих  болж, үр дүнд хүрсэн нь энэ гээд онцлох хэлэх зүйл хэд байгаа билээ. Ингэж хардсаны учир нь аймаг, дүүрэг удирдаж байсан Засаг дарга нар парламентын зөөлөн суудалд тухалж, хууль батлалцаад ирэхээрээ ёстой л нуруугаа харуулж эхэлж байх шиг.

Үүний нэг жишээ нь, Засаг даргаар ажиллаж байсан гишүүдийн фракцийн өргөн барьсан Зөрчлийн хуулийн өөрчлөлт юм. Тодруулбал, Төв аймгийн Б.Батжаргал, Орхоны Д.Батлут, Өвөрхангайн Г.Ганболд, Хэнтийн Ц.Идэрбат, Өмнөговийн Н.Наранбаатар, Багануурын Ц.Сандаг-Очир, Дорноговийн Т.Энхтүвшин гээд Засаг даргаар ажиллаж байсан гишүүд цөөнгүй бий. Тэд Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахдаа торгууль, шийтгэлийг чангаруулах хуулийн төсөл санаачилж, лоббидож эхэлжээ. Хууль тусгаснаар торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлж, хүү төрүүлэх гэнэ. Энэ заалт хэрэгжээд эхэлбэл ард түмний амьдралд ямар их дарамт авчрахыг таашгүй. Торгуулийн мөнгөө 50 хувь нугалж төлөх нь битгий хэл хоногийн хоолоо яая гэж байгаа хэдэн өрх байгааг тэд аймаг удирдаж байхдаа мэдээгүй хэрэг үү. Эсвэл саарал ордонд орж ирээд санаа бодол нь өөрчлөгдөв үү. Ер нь дуртайдаа торгуулиа төлөхгүй байгаа хүн бараг л үгүй. Ихэнх нь санхүүгийн нөөц боломжгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Гэтэл Засаг даргаар ажиллахдаа ард иргэдийнхээ амьдралыг хангалттай мэдэж, асуудлыг нь харж чадаагүй юм бол хууль ёс сахиулна гэж олны өмнө попрохын оронд тойрогтоо очиж иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE