Цагдаагийн байгууллага иргэдийн аюулгүй байдлыг хангаж, үймээн самуун гарахаас сэргийлсэн нь…

Төв талбайд өчигдрөөс эхлэн залуус Үндсэн хуулийн 2.16-д заасан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэх заалтын дагуу эрхээ эдлэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Д.Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулж буй залуус өчигдөр нэлээд орой болтол эмх цэгцтэй, зөв шаардлага тавин, улс орны нийгэм эдийн засагт тулгамдаад буй ажилгүйдэл, ядуурал, хууль бус үйлдлийг эсэргүүцэж, улмаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирж хүлээн авсан билээ.

Гэвч шударга ёс, зөв зүйтэй зүйлийн төлөө жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусын дунд эмх замбараагүй байдал бий болгохыг санаархсан, өдөөн турхирсан, хэн нэгэн мөнгөтэй этгээдийн гар хөл болсон хүмүүс цөөнгүй нь энэ үеэс эхлэн тод болсон юм.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд руу элдэв зүйл шидэж, улмаар жагсаалд оролцож байсан нэгэн эмэгтэйн толгойд гэмтэл учруулав.

Цагдаагийнхан, төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд тэр эмэгтэйг хамгаалж, хамт явагсадтай нь цуг эмнэлэгт хүргэж, эмчилгээнд хамруулсан юм. 

Шударга ёс шаардаж байсан жагсаал, цуглаан пүрэв гаргийн 19.00 цагаас хойш өөрчлөгдөн, эмх замбараагүй байдал бий болгохыг зоригсдыг идэвхжүүлж, архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс зөв шаардлага тавьж байсан залуусыг өдөөн турхирах, биед нь халдах зэрэг үйлдэл гаргах болсон билээ.

Гэвч өчигдөр залуус үзэл бодлоо илэрхийлэхээсээ өмнө хуулийн дээрх заалтыг зөрчсөн ч цагдаагийнхан “Монголдоо сайхан амьдаръя” хэмээн үзэл бодлоо илэрхийлж буй залуусын уриалга, шаардлагыг хүндэтгэн цуглааны ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн.

Өөрөөр хэлбэл, эл жагсаал, цуглаан бүртгэлгүй байсан ч гэлээ цагдаагийн байгууллагынхан дээрх хуулийн 13.1 дэх хэсэгт заасан “Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй” гэснийг үндэслэн хамгаалсан.

Угтаа бол Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан бол Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргах”-аар тусгасан. Хэдий ийм боловч Сүхбаатар дүүргийн Засаг дарга ч албадан тараах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, цагдаагийн байгууллага ч албадан тараалгүй хэвийн үргэлжлүүлсэн юм. 

Харамсалтай нь энэ сарын 7-ны19.00 цагаас цагаас хойш жагсаал, цуглааны зорилго нь өөрчлөгдөж, эмх замбараагүй байдал өдүүлж эхэлснийг ЦЕГ-ын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тодотгосон.  Тэрбээр “10.00 цагаас эхлэн үзэл бодлоо илэрхийлж байсан залуучууд шингэрч, бүтцэд өөрчлөлт гарч, өөр төрлийн үзэл бодол илэрхийлсэн залуус орж ирж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бусдыг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргасан. Сүүлдээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдахыг оролдсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн залуус олноор цугларсан. Жагсагчдын дотор насанд хүрээгүй иргэд олон байсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд болон цагдаагийн алба хаагчдад халдах явдал гаргаж эхэлсэн учраас 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч, жагсаал, цуглааныг тараасан” гэв.

“Монголдоо сайхан амьдаръя” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн залуус 18.00 цаг өнгөрөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдад шаардлагаа өгөөд тарцгаахдаа согтуу хүмүүс нэмэгдэж байгаа талаар цагдаагийнханд мэдээлээд явсан гэдгийг ч хууль сахиулагчид хэлж буй. 

Пүрэв гаргийн 19.00 цагаас хойш жагсаал, цуглаанд оролцогсод Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.5 дахь хэсгийн “Согтууруулах ундаа, мансууруулах буюу хорт бодис хэрэглэсэн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх, жагсаал, цуглааны явцад согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх”, 11.3.6-гийн “Жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах”, 11.3.7-гийн “Жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх” заалтыг зөрчсөн.

Цагдаагийн байгууллагынхны мэдээлснээр согтуу 19, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр залууг албадан саатуулсан юм билээ.

Мөн Төрийн ордон, төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолбор руу халдахыг завдаж, Төв шуудангийн болон Баруун дөрвөн замын уулзвар зэргийг хааж, замын хөдөлгөөнд саад учруулсан. Гэртээ харья гэсэн нэгнээ саатуулсан, шөнө амарч буй нэгнээ утсаар дуудаж төв талбай руу руу ирүүлэн эмх замбараагүй байдалд уруу татсан тохиолдол нэг бус. Эцэстээ цагдаагийн алба хаагчдад халдан чулуу шидэж, энд тэнд гал өрдөж, тэсрэх бодистой адил дуу чимээтэй зүйл дэлбэлж эхэлсэн учраас цагдаагийнхан албадан тараахаас өөр аргагүй болсон нь гарцаагүй.

Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал хүндэрч эхэлсэн учраас Цагдаагийн албаны тухай хуулийн 12.1.2-т заасан “эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх” гэсний дагуу 03.40 цагаас энэ ажлыг гүйцэтгэсэн юм. Мөн эл хуулийн 12.1.6 дахь хэсгийн “Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх”, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 19.3-ын “Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсэж болзошгүй бодитой нөхцөлд төрийн тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлж хамтран ажиллана” гэсний дагуу Төрийн ордон, “Их тэнгэр” цогцолборыг хамгаалсан нь тодорхой.

Цагдаагийн албаны тухай хуульд “Олон нийтийн арга хэмжээний зорилго өөрчлөгдөж, нийтийн хэв журам зөрчигдсөн тохиолдолд тухайн үйл ажиллагааг зогсоох, тараах арга хэмжээ авахыг зохион байгуулагчаас шаардах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан, оролцсон хүнийг баривчлах, албадан тараах, зэвсэг, техник хэрэгслийг хураан авах” эрхтэй гэж хуульчилсан бөгөөд “Албадан тараах ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн тодотгосон байна. Тэгэхээр цагдаагийн байгууллага, алба хаагчид хуулиар хүлээсэн ажлаа хийж. Гэхдээ уулын мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай гэдэгчлэн жагсаал, цуглааныг албадан тараахдаа алдаа гаргасан алба хаагч байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү үгүйсгээгүй. Тийм алба хаагчдадаа албаны шалгалт хийж буйгаа ч хэвлэлийн хурлаар тодотгон хэлсэн билээ.

SHARE