Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбооноос санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран 21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулганыг анх удаагаа зохион байгуулж байна.
Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.